Хүмүүс бид
шувуудын уянгалаг жиргээ болон элэн нисэх чадвар зэргээс нь шалтгаалан эрх
чөлөө, хүсэл мөрөөдлийн тухай төсөөллөө жигүүртэнтэй зүйрлэн оюун санааны
бүтээлдээ тусгасаар өнөөг хүржээ. Дэлхийн улс орнуудын домогт тусгалаа олсон
хачирхалтай шувуудын тухай түүвэрлэн хүргэж байна.
Энэ шувууг
дэлхийн олон орны домгуудад гардаг галт шувууны Египет хувилбар нь гэж ойлгож
болох юм. Бену шувуу өргөн уудам газар нутгийн дээгүүр элэн халин нисэхдээ
хорвоо ертөнцөд болж байгаа сайшаалтай хэрэг болон бүтэхгүй зүйлийн тухай
мэдээлэн чанга дуугаар орилдог тухай домогт өгүүлсэн байдаг. Харагдах байдал нь
хөх дэглийтэй төстэй боловч илүү хурц тод өнгийн өд сөдөөр бүрхэгдсэн байх ба
зарим тохиолдолд хүний толгойтой тухай дурдагдана. Египетчүүд Бену шувууг
заримдаа нарны бурхан Рагийн хувилсан дүр гэж хүндэтгэх ба хааяа шувуунд титэм
зүүлгэсэн байдалтайгаар дүрсэлсэн байдаг ажээ. Бену шувуу шинэ өдрийн нар
мандахтай зэрэгцэн дахин шинээр төрдөг гэлцэнэ. Түүний өдөр бүр дахин шинээр
төрж байгаа тухай асуудал нь үхлээс дахин амилсан Осирисийн домогтой утга ижил
болгож байна. Бену шувуу персеа модны үзүүр, том барилгын орой дээр суухдаа
нарны цацрагийн хүчээр дахин шинээр мэндлэх аж. Хожуу үеийн домгуудад түүнийг
галт шувуутай адилтган дүрсэлсэн байх нь олдох ба түүхч Херодот Бену шувууг 500
жил наслаад өөрийнхөө дотоод галд түлэгдэн үхэх ч үүдсэн үнс нурамнаас нь дахин
төрдөг гэж тэмдэглэсэн байдаг байна. Египет домгоор бол үнс нурам нь нарны
бурхны орших ариун газар ажээ.