Хүмүүс бид
шувуудын уянгалаг жиргээ болон элэн нисэх чадвар зэргээс нь шалтгаалан эрх
чөлөө, хүсэл мөрөөдлийн тухай төсөөллөө жигүүртэнтэй зүйрлэн оюун санааны
бүтээлдээ тусгасаар өнөөг хүржээ. Дэлхийн улс орнуудын домогт тусгалаа олсон
хачирхалтай шувуудын тухай түүвэрлэн хүргэж байна.
Энэ шувууг
дэлхийн олон орны домгуудад гардаг галт шувууны Египет хувилбар нь гэж ойлгож
болох юм. Бену шувуу өргөн уудам газар нутгийн дээгүүр элэн халин нисэхдээ
хорвоо ертөнцөд болж байгаа сайшаалтай хэрэг болон бүтэхгүй зүйлийн тухай
мэдээлэн чанга дуугаар орилдог тухай домогт өгүүлсэн байдаг. Харагдах байдал нь
хөх дэглийтэй төстэй боловч илүү хурц тод өнгийн өд сөдөөр бүрхэгдсэн байх ба
зарим тохиолдолд хүний толгойтой тухай дурдагдана. Египетчүүд Бену шувууг
заримдаа нарны бурхан Рагийн хувилсан дүр гэж хүндэтгэх ба хааяа шувуунд титэм
зүүлгэсэн байдалтайгаар дүрсэлсэн байдаг ажээ. Бену шувуу шинэ өдрийн нар
мандахтай зэрэгцэн дахин шинээр төрдөг гэлцэнэ. Түүний өдөр бүр дахин шинээр
төрж байгаа тухай асуудал нь үхлээс дахин амилсан Осирисийн домогтой утга ижил
болгож байна. Бену шувуу персеа модны үзүүр, том барилгын орой дээр суухдаа
нарны цацрагийн хүчээр дахин шинээр мэндлэх аж. Хожуу үеийн домгуудад түүнийг
галт шувуутай адилтган дүрсэлсэн байх нь олдох ба түүхч Херодот Бену шувууг 500
жил наслаад өөрийнхөө дотоод галд түлэгдэн үхэх ч үүдсэн үнс нурамнаас нь дахин
төрдөг гэж тэмдэглэсэн байдаг байна. Египет домгоор бол үнс нурам нь нарны
бурхны орших ариун газар ажээ.
Анжу
Эртний Сүмирийн домгуудаас арслан толгойтой, бүргэдийн биетэй аварга шувууны тухай хууч яриа цөөнгүй олдоно. Аварга биетэй Анжу шувууг тулалдахад элсэн уулс нурж, хүчит шуурга дэгдэх ба сүрлэг хашгираанд нь газар дэлхий хүртэл чичрэн доргих тул бурхад хүртэл түүний хүч чадлаас эмээх ажээ. Домогт өгүүлснээр Анжу шувуу бурхдын орноос диваажингийн самбарыг хулгайлан мөнх бусын ертөнцөд авчирсны улмаас бурхдын хүч чадал ихээхэн доройтжээ. Бурхны хөвгүүн Энлил эцгээсээ зарлиг хүлээн дэлхийд бууж ирэн Анжу шувуутай тулалдахад цусан гол урсаж, дэлхийг чичрүүлэхээр аварга том салхи, шуурга дэгдсэн байна. Хожим тухайн бүс нутагт аварга шувууг хөнөөсөн үйл явдалтай холбоотой баатарлаг тууль үүсэн бий болж аварга шувууг ялсан баатарлаг этгээдээр Ассирийн хаад дүрслэгдэх болжээ. Анжугийн тухай эх домог нь гол дүрийн баатар аюулт дайснаа даран сөнөөсөн “тулаант” төрлийн домгуудын дундаас хамгийн эртнийхэд хамаардаг байна. Домог яриа эхэлсэн цагийн судлаачид НТӨ 1200 оны орчим гэж тогтоожээ. Энэ домог хожим Израйлд дэлгэрсэн ба хүмүүс түүнийг тахиж хүндлэх болсон байна.
Бүүбри
Шотландын дээд газрын үлгэр домгуудад бүүбри гэх дүрээ хувилгадаг шувууны тухай өгүүлсэн байх нь бий. Энэ шувуу бусад жигүүртнүүдийн адилаар нисэхээс гадна гол, нуурын усанд чөлөөтэй сэлж, удаан хугацаанд шумбан ангаа хийдэг байна. Бүүбри шархадсан нялх амьтдын дуу хоолойг сайн дууриадаг тул нас бие гүйцсэн амьтад энэ чимээнд хуурагдан чимээ гарсан зүгт очиход махчин шувуу тэднийг хүлээж байх аж. Энэ аргаараа үхэр, хонийг барьж идэх ба заримдаа халиуг ч агнана. Бүүбри өөрийгөө морь болон хувиргаж сүргийн дунд идээшлэнгээ дахин дүрээ хувилгаж шавьж болоод сонгосон адууныхаа цусыг ихээхэн сордог тухай ярианууд бий. Анчидтай холбоотой домог яриануудад бүүбри шувууг усны морьны хувилсан дүр нь гэж үзэх ба тэдний байсан газарт шоргоолжных шиг хачин мөр үлдсэн байхыг нь хардаг байв. Нүдээр үзсэн гэх хүмүүсийн ярианаас үзвэл бүүбри нь урт хүзүүтэй, өргөн далавчтай, хүчирхэг богино хөлтэй, бух шиг мөөрдөг гэнэ.
Гарьд
Хиндугийн домгоор бол Гарьд нь Вишну тэнгэрийн унаа бөгөөд том биетэй, гайхалтай сайхан өд, сөдтэй шувуу ажээ. Тэр бурхан биш боловч бас тодорхой хэмжээнд сүсэглэгддэг. Япон домогт Карура нэрээр гарна. Хинду ба Японы Гарьдын дүрслэл бараг адилхан байдаг. Карура нь хагас хүн, хагас шувуу дүрстэй хоёр гарнаас нь далавч үргэлжлэн тогтсон өд, сөдтэй хүчирхэг цээжтэй амьтан бөгөөд үргэлж лимбэ тоглож байгаа эсвэл барьсан байдалтайгаар дүрслэгдэнэ. Харин Хиндугийн Гарьд нь хүний гар, хөл, биетэй, толгойтой, бүргэдийн хумстай алтан өнгийн өдтэй аж. Аль аль хувилбарт нь бүх шувууны хаан гэх ба салхинаас ч хурдан нисэж чадна. Мөн байгаль дэлхийн тэнцвэрийг алдагдуулахаар заналхийлж байдаг могойн дүрстэй нага гэх төрлийн амьтадтай мөнхийн өштэй. Нага нар гарьдын эхийг олзлон авахад гарьд тэдэнтэй тохиролцоо хийж суллаж авсан цагаас хоорондоо дайсагнах болсон гэдэг. Манай Монголын үлгэрт ч хангарьд шувууны тухай нилээд гардаг ба хамаг жигүүртний хаан, аюултай амьтан байдлаар дүрслэгдсэн байдаг. Улаанбаатар хотын сүлдэнд ч хүн биетэй далавчтай гарьд шувууг дүрсэлсэн байдаг шүү дээ.
Өнчин шувуу
Өнчин шувууны тухай мэдээлэл маш бага байдаг бөгөөд бид зөвхөн Пьер де Беавайсийн тэмдэглэлээс энэ тухай мэдээг олж үзэж болох юм. Гэхдээ тэр тэмдэглэлдээ шувууны дэлгэрэнгүй ч дурдсангүй дурсах төдий өнгөрсөн байдгийг мартаж болохгүй. Зохиогчийн тухайд ч тодорхой зүйл байдаггүй ч тэр хүн 1218 оны үед Европод оршин байдаггүй хачирхалтай амьтдын тухай 2 тэмдэглэл бичин үлдээсэн нь бидний үе хүртэл хүрэлцэн ирсэн билээ. Энд Өнчин шувууг Энэтхэгт амьдардаг ба тогорууны биетэй, тогосны хүзүү, цээжтэй, бүргэдийн хөлтэй хар, улаан, цагаан өдтэй гэжээ. Өнчин гэж нэрлэсний учир нь энэ шувууны олон өндөгний дотроос зөвхөн ганц нь л цааш амьдрах ёстой. Эх шувуу өндөгнүүдээ амьдрах эсэхийг нь шалгахын тулд усанд хаях ба хөвж байгаа өндөгийг аван эх, эцэг нь халамжлан өсгөж өөрсдийн амьдарлаа танилцуулна. Харин живсэн өндөг усны ёроолд хэвэээрээ үлдэнэ. Эдгээр шувууд их усны ойролцоо харанхуй бөглүү газарт амьдардаг гэсэн байдаг байна.
Стимпалиан
шувууд ба Орнитес Ареой
Стимпалиан шувуунууд эсвэл Стимпахалидес нь Грек домгийн махан идэшт шувуу юм. Домогт өгүүлснээр тэд Аркадиагийн Стимпалис нуураар нутаглан цуст ангаа хийж байсан ба Хераклын шадар хүмүүсийн нэг тэднийг устгажээ. Тэр хүн нуурын эргэн тойронд шувуун сүрэг байгааг ажиглаж ойролцоох их намагт нь живчихгүйгээр тэднийг барих боломжгүйг олж мэджээ. Мэргэн ухааны охин тэнгэр Атена түүний энэ байдлыг үзэж туслахаар шийдэн шаржигнуур түүнд өглөө. Тэр хүн шаржигнуураа дуугарахад шувууд үргэж нисэлдсэн ба энэ үед нь заримыг нь харван унагаж үлдсэн зарим хэсэг нь нуурын дундах арал хүртэл зугтжээ. Аралд очсон шувууд Орнитес Ареой гэж нэрлэгдсэн ба Алтан Ноос хайж явсан Жэсон тэднийг олсон байдаг. Шувуудын ихэнхийг Грекийн завьчид хөнөөжээ. Энд энгийн нэг шувуудын тухай яриад байгаа мэт боловч бас онцлог зүйл бий. Шувууд байнгын өлсгөлөн байх тул тэд хүмүүс руу шууд л довтолж хэдэн хэсэг тасар татан идэж байв. Тэднийг Арес бурхан тэжээж байсан ба галт өднүүдтэй сум мэт хурц савартай гэнэ. Стипалиан шувуудын тухай хожуу үеийн домгуудад Артемисийн сүмийн хамгаалагч ба бурхдын дэргэд байх цорын ганц шувуун дүрстэн гэж үзэх болсон байдаг. Өөр нэгэн сурвалжид тэднийг Стимпалусын охид байсан ч Херакл баатрыг гэрт нь зочилоход хангалттай хүндэтгэл үзүүлж чадаагүй тул алагдсан тухай дурдсан байх ба үхсэнийхээ дараа цусанд дуртай шувуу болжээ гэдэг.
Стриж
Стриж эсвэл стрикс гэх энэ шувуу нь мөн Грекийн домгийн нэг амьтан. Тэд эхэндээ Ромын домгийн нэг хэсэг байсан ч Европын дундад үеийн шашны домогт ихээхэн алдрыг олжээ. Эх үндэс нь хүний мах идсэнийхээ төлөө шийтгэгдэж зэрлэг амьтан болон хувирсан ах, дүү хоёрын тухай домгийн нэг хэсэг болох юм. Тэдний нэг нь стрикс болж хоол, ундгүйгээр амьдрахаар шийтгэгдсэн тул үдэш болмогц гаслантайгаар харуусан уйлдаг гэлцэнэ. Латин хэлэнд стрикс гэдэг нь шар шувууны хашгираан гэж орчуулагддаг. Зарим нутагт стриксийг нь цус сорогч шуламтай хамтран ажилладаг гэдэг байлаа. Зарим сурвалжид энэ шувууг өдөр нь даруухан саарал өнгөтэй энгийн шувуу байдаг боловч шөнөдөө шулам болдог гэдэг. Шулмууд шөнөөр хүүхдийн цусыг уудаг тул тэднээс хамгаалан хүүхдийн хүзүүнд сармис хэлхэж зүүлгэдэг байсан нь стриксийн цусны шуналаас хамгаалахын тулд гэдэг байжээ. Плинийгийн Байгалийн түүхэнд тэд жинхэнэ бодитоор оршин байдаг гэсэн ч тэдний тухай илүү ихийг мэдэхгүйгээ бичсэн байдаг. Дундад зуунд тэд Христийн сонгодог домог болон хувирч чөтгөрийн зарц байдлаар дүрслэгдэг болжээ.
Лидерк
Лидерк нь Унгарын домгийн шувуу ба өд сөдгүй тахиатай адилхан харагддаг. Хэд
хэдэн төрлийн лидерк байгаагаас нэгийг нь мит-маке гэж нэрлэнэ. Тэд шуламтай
ойр байж тэдний гэрт үзэгдэн шулмуудын гар дээр өндөгнөөсөө мэндлэх ажээ. Лидерк
шулам гэгдэх шидтэнгүүдийн үйл ажиллагаанд туслах ба тэднийг завтай байлгаж
болдоггүй гэдэг. Хэрвээ тэдэнд багахан хийх ажилгүй байх цаг гарах аваас хэн
нэгнийг хөнөөх болно. Иймээс тэднийг эзэмшигч хүмүүс лидеркэд боломжгүй
даалгавар өгөх саатуулдаг байна, жишээ нь голын эргийн элсийг тоолох, цоорхой хувин
өгөөд сав дүүргэх гэх мэт.Өөр төрлийн лидерк нь инкубус ба суккубусийн түүх юм.
Хосоо алдсан лидерк шувууд гашуудахдаа махчин болж хувирах ба ижлийг нь
хороосон этгээдийг салахгүй дагадаг ажээ. Шувуу үдэш бүр үзэгдэж амар суух
цагийг өгөхгүй ба зорилгоо биелүүлж байж сая сална. Тэд хүний хөлд өмсдөг
гутлыг хулгайлахаас нааш санаа нь амардаггүй гэнэ.
Шанцайн шувуу
Шанцайн шувуу нь байгалийн үзэгдлийг тайлдаг тайлбаруудаас хамгийн жигтэй нь байх. 5-р зууны үед шанцай тансаг зүйл тооцогдон хүмүүсийн шуналыг хөдөлгөдөг зүйл байв. Грекийн түүхч Плиний ба хөгшин Геродот нар хамгийн өндөр үнэтэй шанцайг циннамолог гэх шувуунаас гарсан зүйл гэж бичсэн байдаг. Плинийгийн Байгалийн түүхэнд эдгээр том биетэй шувууд цор ганц шанцайн модонд үүрээ засдаг тухай бичсэн байдаг. Тэд үүрээ хүн хүрэх боломжгүй маш өндөрт засах тул тэдний үүрнээс боловсруулсан дээд зэргийн шанцайг авах ганц арга нь үүр рүү нь юм шидэх унагаах байжээ. Үүнтэй ижил түүхийг Севиллийн Изидоре 7-р зуунд өгүүлсэн байх ба Херодотын 5-р зууны үеийн түүхтэй холбоотой ч арай өөр нэг хувилбарыг хэлсэн байдаг. Түүхчийн тэмдэглэсэн Арабын шувуунууд үүрээ эгц цавчим хаданд засах ба мод, чулуу цуглуулан шавардаад цементээр хийсэн мэт бат бөх үүр барьдаг байсан гэдэг.Шанцайн шувуу шар үхрийг тасар тасах хүчтэй ба бусад том амьтдыг ч хэдэн хэсэг таслах хүчирхэг хумстай бөгөөд үүрээ орхин нисэх үед нь жижиг шувууд тэдний үүрнийг хамгаалан үлддэг байжээ. Үүрнүүд маш өндөрт орших болохоор хэрвээ унаж гэмтвэл шанцай цуглуулахаас ч хэцүү зүйл болдог байсан нь тодорхой.
Өвөөлж
Өвөөлж бодит болон домгийн шинж чанарыг аль алиныг нь агуулдаг ажээ. Арабын
домогт өвөөлжийг усны хувилгаан, анаагах хүчтэй гэгээн шувуу гэдэг. Бас өвөөлж
Соломон хааныг цөлд хатан зовж байхад нь
далавчны сүүдрээрээ нарны хурц туяанаас хамгаалж амь насыг нь аварсан гэдэг.
Плиний болон Севиллийн Исидоре нарын тэмдэглэлд өвөөлж шувууны залуучууд нь хөгширч сул дорой болсон нэгнээ
асардаг нь амьтдын дунд тохиолдох цөөн хэдэн төрлүүдийн нэг гэж тэмдэглэгдэн
үлдээжээ. Гэсэн ч энэ шувуутай холбоотой өөр сэтгэл татам түүхүүд бас бий.
Исидоре энэ шувууг байнга шарилын газар үзэгддэг гэжээ. Зүүн Европын домогт
бурхан өвөөлжийг бүтээгээд бүх үндэстнүүдийн хоолыг түүнд өгөн аль нь илүү
таалагдахыг мэдэхийг хүсчээ. Гэтэл өвөөлж тэдний алиныг нь ч идэхээс татгалзсан тул Бурхан шувууг үргэлж бусад амьтдын баасыг идэж байхыг тушаасан
гэнэ.
No comments:
Post a Comment