Tuesday, February 24, 2015

Гэнэхэн сүнс


Намайг сэрэхэд орны минь хажууд аав, ээж бас цэнхэр масктай эмч нар зогсож байлаа. Байнга залгаатай байдаг тариаг салгачихсан байсан нь амар, чөлөөтэй санагдав. Би хажуулдан хэвтээд унтсан мэт нүдээ анисан байсан ч эргэн тойрныг сайн харж байлаа. Үргэлж хүнд санагддан ,амьсгалахад бэрх байдаг цээж маань урьд нь байгаагүйгээр хөнгөрч ямар ч зовиур мэдрэгдсэнгүй. Аав маань ажлаасаа ирсэн бололтой шаргал костюмтэйгээ ээжийн мөрөөр тэврэн зогсох ажээ. Ээж минь чимээгүй мэгшин уйлах бөгөөд мөр нь чичрэхийг ажиглаад би их гайхлаа. Би ээжийгээ тайвшруулан бие маань ямар ч өвчингүй болсон гэдгийг хэлэхийг хүссэн ч хаанаас ч юм эгшиглэх ямар нэгэн аялгуунд бодол минь сарних мэт болоод өөрийгөө асар том болсон мэт мэдэрч эхэллээ. Энэ мэдрэмж үнэхээр таатай ажээ. Эмчийг гарж явсны дараа өмнөх аялгуу улам бүр чихэнд ойртоход нойр ихээр хүрэн унтахаар зэхэж байхад ээж минь намайг дуудав. Би нүдээ нээхийг хүчилсэн ч тэднийгээ тодоор харж чадсангүй зэрэглээтсэн тунгалаг хөшиг аав, ээжийн минь царайг бүрэлзүүлэн сарниаж харагдуулна.
Одоо чадахгүй нь ээ. Хэсэгхэн зуур унтаж сэрээд өвчингүй болсноо хэлье гэж бодоод зүүрмэглэж эхэллээ. Гэнэт асар хүчтэй зүйл цээжин дотроос минь бүх эрхэтнийг минь угз татан гаргах мэт болоход хөл минь татганан чичирснийг анзаарлаа. Ээж минь хашгиран уйлж аав маань эмч дуудахаар гүйн гарав. Би одоо эмнэлгийн орон дээр цэнхэр одтой цагаан унтлагын цамцтай миний үеийн охин баруун гараа дэрлээд зүүн талаараа хажуулдан хөлөө нугалаад хөдөлгөөнгүй унтаж байгааг харж байлаа.  Би түүнээс айж байгаа болохоор хаалгаар орж ирсэн эмч, сувилагч нартай зөрөн гарч явлаа. Бие маань өд шиг хөнгөрөөд өчүүхэн ч зовиур үлдсэнгүй. Эмийн үнэр ханхалсан энэ газраас хурдхан явахыг хүслээ. Гарах хаалган хаалттай байсан бөгөөд удтал хүмүүс орж, гарж хаалганд гар хүрсэнгүй. Би хаалга онгохыг хүлээж хэсэг байснаа шуудхан шилэн хаалгыг нэвтлэн гарахаар шийдлээ. Энэ нь ч амжилттай болов. Би зам дээр гарлаа. Гудамжаар дүүрэн хаяг байгаа ч би нэгийг нь ч уншиж чадсангүй. Төрсөн цагаасаа эхлээд зүрхний гажигтай байсан би цэцэрлэг, сургуульд яваагүй болохоор уншиж, бичиж сурах боломж гарсангүй. Ганцхан өөрийнхөө нэрийг л тавьж чаддаг бөгөөд бүр мөсөн эдгэхээрээ сургуульд явна гэж мөрөөддөг байлаа. Манай гэр бүл нилээдгүй чинээлэг айл тул маш олон эмнэлэг, домч нарт хандаж олон эмчилгээ хийлгэн би жилийн хагасыг эмнэлгийн орон дээр өнгөрүүлдэг байсанболохоор гадаад ертөнцийг таньж мэдэхгүй билээ. Хааяа телевизээр хардаг нэвтрүүлэг, сэтгүүл дээрхи зургаар л  орчлон хорвоог төсөөлнө. Хүүхэлдэй киноноос үзсэн шидэт туулайтай уулзвал тэр надад туслах байх гэж бодсон ч би түүнийг хаанаас олохоо мэдэхгүй байлаа. Ингээд гэртээ очихоос өөр сонголт үлдсэнгүй. Гэхдээ би олон олон барилга, гудамжны дундуур сүлжин гэрээ олж чадахгүй шүү дээ. Гэнэт нэг санаа орж ирэв. Аав, ээжийгээ дагаад явбал гэртээ очиж чадна шүү дээ. Нар тонгойх үед аав, ээж маань эмнэлгээс гарч машиндаа суулаа. Замын турш ээж минь уйлсаар явах бол аав гунигтай харагдах ч хараахан уйлахгүй байлаа. Аав ээжид хандан
-Бид эртнээс л мэдэж байсан шүү дээ. Одоо тэр маань амарсан байх гэж хэлэхдээ хоолой нь зангирав. Ээж юу ч хэлэлгүй уйлсаар л байлаа. Би ээждээ
-Би хажууд чинь л байна шүү дээ. Би одоо эрүүл болсон гэж хэлээд үсийг нь илбэв. Аав, ээж хоёр минь дөнгөж гучин нас л хүрч яваа, эв найртай хосууд билээ. Тэр хоёр дандаа өвчтэй байдаг намайг асрахдаа маргаж байсныг нь би огт санадаггүй юм. Тэд эцэг эхээс өвлөсөн хөрөнгийнгөө нилээдгүй хэсгийг миний эмчилгээнд зарцуулсан юм шиг. Гурван жилийн өмнө очиж байсан зуны байшин маань хүнийх болчихсон гэсэн. Ээж минь уйлсаар л байлаа. Би хичнээн хичээж мэддэг ганц дуугаа хүртэл дуулахад аав, ээж минь сонссонгүй. Тэдэнд мэдэгдэх гэж аргаа бараад бүтээгүй тул цонхоор элдвийг харж явлаа. Гудамжаар дүүрэн хөвдөг хүмүүс байх  бөгөөд тэдэнтэй нэгдмээр санагдсан ч аав, ээжийгээ орхиж чадсангүй.  Гэрийн үйлчлэгч, миний асрагч байсан настай эгчийн нүд мөн нулимстай болжээ. Би түүнд өөрийгөө ирснийг хэлээд хормойноос нь татсан ч тэр мэдсэнгүй. Хэнд ч тоогдоогүй би гонсойн өөрийнхөө өрөө рүү очиж тоглоомуудаа шалгаж үзэв. Бүгд байр байрандаа байлаа. Удалгүй аав орж ирээд хүж уугиулав. Намайг өвчтэй байхад өрөөнд минь хүж уугиулах хориотой байдаг байлаа. Аав мартчихсан юм байх даа.  Орой нь ээжийнхээ хийсэн хоолны үнэрээр гэдэс цадчихлаа. Би одоо биегүй болсон болохоор гэдэс гэж байхгүй. Сэтгэл цаджээ. Тоглоомоо хөдөлгөх гэсэн чадсангүй. Би ер нь биегүй болсон юм чинь үхчихэж. Үхэл тийм ч аймаар биш юм байна. Ямар ч өвдөлтгүй, дуртай газраараа хөвөөд л.
Хэд хоногийн дараа манай гэрт маш олон хүмүүс цуглаж миний зургийн өмнө хүж шатаацгаана. Тэд ихэнхи нь хөөрхий амарлаа гэцгээх ажээ. Тиймээ би байнга л өвддөг байлаа. Үргэлж л цээж давчдан, гар хөл өвдөж, амьсгал хүндэрдэг байсан шүү дээ. Би энэ гэр эмнэлэг хоёрын хооронд л явахаас өөр хаашаа ч явж үзээгүй байлаа. Гэнэт хотоор явж үзэх хүсэл төрөв. Би өрөөнийхөө цонхоор харагдах модны мөчир дээр суусан болжморыг хараад хажууд нь очих хүсэл төрлөө. Би түүний дэргэд очиж суугаад өд сөдийг нь, жижигхэн нүдийг нь тун тод харж байв. Удалгүй хүмүүс эмнэлгээс авчирсан миний муухай биеийг аваад хотоос гадагш гарлаа. Тэд нар миний биеийг гоёмсогоор доторлосон хайрцганд хийгээд хажуугаар нь миний дуртай амттан,жимсээр  дүүргэн дуртай тоглоомуудыг минь ч хийжээ. Миний биенд гоёмсог улаан хувцас өмсгөсөн байлаа. Ёслол дуусч хайрцагийг булсны дараа ээж минь тэр газраас явахыг хүсэхгүй байхад аав минь түүнийг хүчээр авч явав. Аавын сэтгэл тайвширсан харагдана.  Булагдсан тоглоом, амттаныг авах хүсэл ер төрсөнгүй. Би одоо сэлүүн салхи мэт болсон болохоор тэдгээрийн аль нь ч надад хэрэггүй. Одоо л би юу болсныг сайн ойлгож эхлэв. Би хэдийн үхээд сүнс болчихож. Одоо хаашаа ч явсан чадна. Би тэднийг дагаад гэртээ очихыг ч хүссэнгүй, хотоор тэнэхийг ч хүссэнгүй харин тэртээ цэнхэр уулсын умардад ямар нутаг орон байдаг бол гэж үзэх юмсан гэсэн хүсэл төрөв. Хотын баруун хойд захад байх халуун усны том хоолойн дээгүүр ,дэргэдүүр олон хүмүүс хөлхөлдөнө. Би хоолойн дээгүүр даган явсаар хээр талд гарав. Дээгүүр минь сүрэг шувууд умрыг зорин нисэн байхыг хараад тэдэнтэй хамт явъя гэсэн бодол толгойд зурсхийж сүргийн толгойлогчийн нуруун дээр гарч суулаа. Сэрүүн агаар өмнөөс үлээн туйлын таатай мэдрэмж төрнө. Тэнд намайг эрүүл саруул, баяр жаргалтай амьдрал хүлээж байгаа.

No comments:

Post a Comment