Батбаатар бараг тавилгагүй өрөөн
дотроо тамхи соронгоо ийш, тийш холхин алхсаар л байлаа. Нэг буланд тулмагц өсгий
дээрээ хөнгөхөн эргээд л өөр тийшээ алхана. Нээлттэй цонхоор хүнд даацын машины
нүсэр чимээ сонсогдоход түргэн түргэн алхан очиж валконыхоо вакум цонхыг
тасхийтэл хаалаа. Бага зэрэг төвлөрч эхэлж байсан бодол нь саяын чимээнд
сарниад буцан нийлэх шинжгүй болжээ. Толгойд нь ахуйн түмэн бодол эргэлдээд
ямар ч хөг аялгуу дуурсахгүй байлаа. Батбаатар хоёр гараагаа шанаагаа тулаад
төгөлдөр хуурынхаа өмнө нүдээ анин суугаад баруун Монгол аялгууг амаараа
исгэрэв. Ихэнх тохиолдолд үр дүнтэй болдог байсан хамгийн үр дүнтэй энэ арга нь
ч бүтэлтэй зүйл авчирсангүй. Толгойн дотор урьдын адил түмэн бодол хөвсөөр л байв. Бараг гучаад жил хөгжмийн зохиол
бичиж дундаршгүй авъяастай нэгэн гэж мэргэжил нэгтнүүддээ шагшуулж зарим тохиолдолд
атаархагдаж явсан нэгэн билээ. Хэд хэдэн найрал хөгжим, цомнол, дөчөөд киноны
хөгжим, 100 хол давсан дуу, жүжгийн аялгуу зохиосон гээд хийж үзээгүй бүтээл
түүнд үгүй.
Харин жил гаруйн өмнө нэгэн
өдөр тутмын сонинд хуулчихсан юм шиг ижилхэн аялгуунууд нэртэй хурцхан үгтэй
нийтлэл хэвлэгдээд хэд хэдэн зохиолчийг ноцтой шүүмжлэхдээ далимд нь Батбаатар
гуайн сэтгэлдээ мухардалд хүрээ юу даа,
сүүлийн үеийн бүтээлүүд нь нэг л адилхан болжээ гэсэн ганц өгүүлбэр оруулсан
байсан санагдана. Батбаатар саяхан өнгөрсөн замналынхаа нэр төрөөр нэгэн
хүндтэй бүтээлд аялгуу хийх санал хүлээн авчээ. Төрийн томоохон албан тушаал
хашдаг хижээл эртэй уулзан гар бариад салахдаа өөр хэний ч туурвиж чадахгүй
тийм сод бүтээл хийе гэж санаад хүсэлдээ хөтлөгдөн хөл нь агаарт хөвөх мэт
болсон байсан. Өмнө нь зүгээр байхад шахуу ар араасаа урсаад ороод ирдэг байсан
аялгуунууд ямар нэг юманд хаагдсан юм шиг ор тас алга болжээ. Өөрт нь шавь орох
санаатай ирсэн хэдэн залууг битүү толгойтонгууд гэж тээршээдэг байсан бол одоо
өөрт нь энэ зовлон тохиогоод байлаа. Товлосон хугацаа дөхөж албаны хүн утасдаад
эхний хувилбарыг сонсохыг хүсэхэд хараахан болоогүй байгааг аятайхан тайлбарлан
ойлгуулсан. Энэ нэр хүндтэй ажлыг тун чанартай дуусгаж өөрийнхөө оргил бүтээл
болгон туурвихыг хүснэ. Саяхан л сэлүүхэн, саруулхан байсан өрөөнд саарал хөшиг
татаад жишүүлдэн тусах нарны туяанд хумхын тоос бужигналдана. Батбаатрын
сэтгэлд ч мөн утаан хөшиг татаад бүрэлзэн байтал алсад хуурын ганц чавхдас
чивчрэх мэт авиа сонсогдлоо. Энэ үргэлжлээд явбал үйл явдал өнгөтөөр тодроод
түүний оюун санаанд хөгжмийн хэлээр үзэгдэж Батбаатар түүнийг нь долоон нотоор
тэмдэглэн бичих ёстой. Энэ чичирхийлэл удаан үргэлжилсэнгүй. Дахиад л саарал манан
үл мэдэг намилзан хөдлөөд алга болов. Түүний бодол зөвхөн юуг ч бичиж болох
цэвэрхэн цаас шиг хоосон болов. Ингээд болохгүй байсан тул зохиолыг маань
төгөлдөр хуурныхаа өмнө сууж сонгодог аялгуу тоглов. Хөгжмийн аялгуу
эгшиглэсээр, эгшиглэсээр.... Хөрш айлуудын цонхонд гэрэл асаад заримынх нь
дахиад унтарч эхэлжээ. Зарим уран бүтээлчдэд байгальд гарах нь сэргээш болдог
бол Батбаатарт тэгтлээ нөлөөлөөд байдаггүй юм. Түүнд автобус, хүлээлгийн
танхим, гудамжинд гээд л олон газар төрсөн бүтээлүүд хэд хэдээрээ бий. Дараагийн таван өдөр оюун санаагаа дахин
дахин уудлан байж олон хөгийг эвлүүлэн эхний хувилбарыг бэлэн болголоо. Хэдэн
хоног нойр, хоолыг хугаслан ажилласан Батбаатрын нүдэнд улаан туяа суужээ. Арай
болоогүй, илүү сайжруулах хэрэгтэй гэж амандаа бувтнасаар хаалгаа түлхүүрдэн
ороод буйдан дээрээ тухлан суув. Тааз руу ширтэн гэрлийн бүрхүүлийг тойрон эргэлдэх
хоёр ялааг ажиглан суугаад хөлөө жийн буйдан дээр тавив. Хөгжим зохиолоо
сэтгэлдээ дүрсэлсээр суутал зүрхээр нь хүчтэй хатгуулав. Батбаатар буйдан
дээрээ хажуулдан унаад хэсэг атиралдан хэвтсэний дараа тавиур дээр тавьсан
зүрхний эм рүүгээ зүглэлээ. Цээж нь тэр чигтээ хөндүүрлээд хоёр гар нь ямар ч
хүчгүй болсон тул савыг нээх гэж хэдэн минут салгалан оролдов. Чичирхийлсэн
гараараа тагыг онгойлгох агшинд өмнөхөөс ч хүчтэй өвдөлт мэдрэгдэн мөлгөр иртэй
зүйлээр цээж рүү нь хүчтэй дэлсээд авах шиг мэдрэмж төржээ. Толгой руу нь цус
булгилан гүйхийг мэдрээд, дагзаар хүчтэй өвдөөд, хэдэн хормын дараа хамаг юм
харанхуйлаад явчихлаа.
Батбаатар хязгааргүй уудам,
цэлгэр ертөнцөд нүдээ нээлээ. Эргэн тойрон юу ч үгүй хоосон мэт авч түмэн
бодисоор дүүрэн агаад ямар ч дарамт, өвдөлт үгүй ажээ. Хаанаас ч юм хурц гэрэл
тусах бөгөөд туйлын таатай мэдрэмж төрнө. Тэр энд цор ганцаар байгаа авч огтоос
айж ганцаардсангүй. Хэтэрхий тайван байсан болохоор тэр газартаа хэсэг байгаад
удахгүй ийш,тийш явах хүсэл төрөв. Ямар ч жингүй мэт явсаар мяралзан долгиолох
нэгэн их голын хөвөөнд ирэх мэт болов. Тэр голын ус хий агаарт жирэлзэн зүүд
зэрэглээ мэт үзэгдэх бөгөөд тэндээс гайхалтай аялгуу дуурсах мэт байлаа.
Гарцаагүй энэ голоос саяын аялгуу гарчээ.
-Найм дахь аялгуу байна. Надад
дутагдаад байсан хөгийг би оллоо гэж бодон баясах зуур араас нь хүчит урсгал хуу хаман аваад саяхан
өд мэт хөнгөн байсан бие нь хүндрээд ирлээ. Батбаатар алгуур нүдээ нээвэл эмнэлгийн орон дээр бололтой олон дусал тариа
залгуулсан хэвтэж байгаагаа харлаа. Цонхны дэргэдэх түшлэгтэй сандал дээр хүү
нь суугаараа зүүрмэглэжээ. Өрөөнд анир чимээгүй агаад ширээн дээрх цагын зүүний
чимээ цохилон дуугарах ажээ. Батбаатар амьд байгаагаа сайтар мэдэрч гар, хөлөө
хөдөлгөж үзэх гэсэн ч огтоос болохгүй бөгөөд тэр гар, хөлтэй гэдгээ ч сайн
мэдрэхгүй байх бөгөөд зүгээр л хүнд мах мэт санагдах ажээ. Өглөө болж нар
мандах хүртэл цайх хүртэл үй түмэн бодол зохиолчийн толгойд эргэлдэв. Түүний
биед ноцтой өвчин үгүй ч хамаг бие нь хачин хүнд санагдах ажээ. Энэ хэдхэн цагт
өнгөрсөн бүхий л амьдралын мөчүүдээ дурсан бодлоо. “Би хүндээр өвджээ. Хамгийн
сүүлд зүрхээр хатгуулж, толгой хүчтэй өвдсөн. Би цус харвасан байж магадгүй юм
байна. Хүү маань л намайг олж энд хүргэж иржээ. Хэдэн сар хараагүй хүүгээ нэг
сайн харах юмсан. Хамгийн чухал зүйл-миний бүтээл яах болж байна” Гэх зэргээр
бодоод амаа хөдөлгөх гэвэл ам нь ч эвлэж өгсөнгүй. Дэмий л хоосон амаа
ангалзуулна. Гуч орчим насны махлаг
залуу нар тусмагц сандал дээрээ нэг суниагаад босон ирж унтсан мэт нүдээ анин
хэвтэх эцгийнхээ дэргэд ирэв. Батбаатар ч хүн дэргэд ирснийг мэдсэн тул нүдээ нээжээ. Хүү нь баярлан эмчийг
дуудаад
-Өвдөж байна уу, аав? Та
хэтэрхий их ажилласнаас болоод харвалт өгсөн гэсэн. Өнөөдөр дөрөв дахь өдөр
болж байна. Аав та одоо юунд битгий санаагаа зовоо. Нөгөө ажлыг тань өөр хүнд
шилжүүлэхийг би хүссэн гэхэд дөлгөөн нүдээр хүүгээ ширтэн байсан Батбаатрын нүд
тун сандарсан болж аягандаа тогтохоо болин эргэлдэхэд
-Аав минь та биеэ л сайн сувилж
ав даа. Буцаад хөл дээрээ боссон байхад юуг ч хийж бүтээж болно шүү дээ гэж та
өөрөө хэлдэг шүү дээ. Гэх зуур эмч орж ирэн биеийг нь үзээд тайван байлгахыг
захиад гарч одов. Хүүтэй нь ярилцсан эмчийн яриаг Батбаатар сайн сонссонгүй.
Толгойдоо бодсон зүйлээ хэлж чадахгүй байна гэдэг биеэ хөдөлгөж чадахгүй
байхаас ч хэцүү ажээ. Хүүгийнхээ ажил
төрлийн тухай асууж, үзээд ирсэн зүйлээ яримаар байгаа ч хэлж чадахгүй байна
гэдэг маш хэцүү шаналал. Байн байн орж ирэх сувилагч нар харин ойр зуурын сонин
сонсгож байгаа нь таатай санагдана. Уран бүтээлийн хэдэн сайн нөхөд нь ирж
эргэн өөрсдийнхөө тухай ярьж байгаад явсан нь сэтгэлийг нь овоо
дээрдүүлжээ. Түүний бие дээрдэхгүй нэгэн
янзандаа байсаар хорь хонов. Батбаатар дотроо хурдхан босоод нөгөө ертөнцөд сонссон найм дахь нотыг
оруулсан бүтээл туурвихыг эрмэлзэнэ. Түүний бүтээл дэлхийд гайхагдан хөгжмийн
ертөнцөд хувьсгал хийнэ. Суутан гэгдэж хүлээн зөвшөөрөгдөөд, цол,шагналаар булагдаж
байгаа тухайгаар л дүрслэн бодно. Цаг хугацаа ямар урт юм бэ? Хүүгийнхээ хичээн
бэлтгэлэн аялгуунуудыг чагнан өдрийг өнгөрөөх бөгөөд түүний хувьд өдөр, шөнийн
ялгаа байхгүй болжээ. Хөгжим сонсох бүр л яарах хүсэл төрөөд сэтгэл байж ядах
бөгөөд энэ тухайгаа хүүдээ хэлмээр байгаа ч хүү нь дуртай зүйлийг нь аавдаа
тавьж өгч байна гэж сэтгэх ажээ. Хүн төрөлхтөнд агуу аялгууг сонсгомоор байна
гэж дотроо хичнээн хашгиравч түүний бие дээрдэхгүй харин доордож эхэллээ. Тэр
унтаа сэрүүний хооронд байдаг болоод хоёр хонож байлаа. Батбаатар найм дахь
нотны гайхалтай аялгууг зүүдэндээ сонсоод буцаж ирж чадсангүй. Хүн төрөлхтөнд
сонсгох юмсан. Энэ удаад түүнийг олон хүн хүрээлээд хаа нэг тийшээ хөтлөх
хүсэлт гаргав. Түүнийг өмнөхөөс ч илүү гайхалтай хөгжим угтлаа. Бурхан минь,
энэ та мөн үү? Үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай орчин, үзэсгэлэнтэй
аялгуу. Найм, ес, аравдахь нотууд.....
No comments:
Post a Comment