Чинбат гадаадад улаан дипломтой
сургууль төгсөж ирээд шуудхан үйлдвэрийн хэсгийн даргаар томилогджээ. Дөнгөж
сургууль төгсөж ирсэн залуу инженер ч даасан ажлаа чадварлаг гүйцэтгэж хоёр
жилийн дотор хэд хэдэн хэмнэх санаачлага гарган мянган ажилчидтай үйлдвэрийн
оны шилдэгээр тодрон гялалзаж байлаа. Мөн дунд сургуулийн нөгөө ангид сурч
байсан зан ааш сайнтай Болороотой гэрлэж охинтой болоод ажил, амьдрал бүх зүйл
тэгширлээ гэж найз нөхөддөө хүндлэгдэж байв. Хамт олныхоо дунд чухал хүн гэдгээ
мэдрэх Чинбат урам зоригоор дүүрэн ажилдаа яваад гэртээ баяртай ирнэ. Ийм
маягаар таван жил өнгөрч түүний албан тушаал дээшилсээр орлох инженерээр томилогджээ. Энэ хэдэн жилд
өөрийгөө үйлдвэрийн түүхэн дэх хамгийн залуу захирал ч болж болно гэж бодсон
Чинбат удирдах тушаалтангуудтай дотно нөхөрлөн, гэр орноор нь орж гарах болж
Бямба гаригийн орой шил юм хувааж уунгаа хэтийн төлөвлөгөөгөө ярьдаг байв.
Эхэндээ бусдыг дагалдах маягтай байдаг байсан Чинбат энэ хэрэгтээ бусдыг
уриалах дуудах хандлагатай болжээ. Нийслэлээс ирсэн төлөөлөгч нарыг агаарт
гаргангаа ойролцоох амралтын газарт очиж хоёр хоног цэнгээд ирсний дараахнаас
Чинбат юунд ч юм бухимдаад, гэртээ очихоос ч дургүй хүрээд байх болов.
Цагаан царайтай, шийдмэг
дүртэй, нум сум агсаж, хөө хуяг зүүсэн
залуухан баатар эр нов ногоон толгодын зүг тун алгуурхан алхуулж явав.
Түүний унаа болох цагаан морь толгойгоо унжуулан алгуурхан сажлах бөгөөд эзэн
баатрын дүр сүрлэг боловч гунигтай байгаа нь илт мэдэгдэнэ. Байн байн зогсох нь
араас ирэх хэн нэгнийг хүлээгээ юмуу эсвэл хэн нэгнийг дуудахыг хүлээгээ юу
гэлтэй харагдана. Араас нь нэхэх дайсан үгүй үзвэл дайны талбарт олон цэргээ
алдан төрөлх нутагтаа харьж яваа жанжин, эзэн хааныхаа өмнө буруу үг хэлээд
хөөгдөн гарсан түшмэл юм болов уу гэж бодмоор. Удаан сажилж явсаар толгодын
оройд гармагц ирсэн зүг рүүгээ харан нилээд удаан зогссон ч өмнөөс нь үлээх
ширүүн салхи түүнийг цааш эргүүлэхэд хүргэв.
Чинбат сэтгэл дундуурхан байсан
тул Ганболд дээр орж хамтдаа шил юм хувааж уун гунигаа тайлж байлаа. Байгууллагынхаа ерөнхий инженерээр томилогдоно
гэсэн бат итгэлтэй байсан Чинбатын найдвар талаар болж арван таван жил
ажилласан Давааг ерөнхийгөөр томилжээ. Цээжийг нь өвтгөх гутралаа дарахын тулд
Чинбат хэд хоног гэртээ ч очсонгүй буудалд байрлан найзуудтайгаа архидав. Гурав
хоногийн дараа гэртээ ороход нь Болороо юу ч болоогүй юм шиг инээмсэглэн
угтахад нь анх удаа дургүй нь хүрчээ. Ханилсан хань маань хүртэл миний
сэтгэлийг ойлгохгүй инээж байдаг гэж бодоод гоморхох сэтгэл төрөөд нэг л хөндий
санагдах болов. Тэр ерөнхий болж чадаагүй ч байгууллага дахь байр суурь, нэр
хүнд нь хэвээрээ байлаа. Гэхдээ амьдралд
нь нэг чухал зүйл гарч ирсэн нь саяхан ажилд орсон Тунгаа гэх сайхан бүсгүй
байв. Намуун яриатай, удаан хөдөлгөөнтэй Болороогийн хажууд Тунгаа сэргэлэн,
цовоо галтай бүсгүй байв. Анхны миссийн тэмцээнээс шагналт байранд шалгарч
байсан түүний төлөө өрсөлдөх залуучууд ч тун олон. Хачирхалтай нь тэдгээр
залуусын дунд 28 настай, 4 настай охинтой Чинбат ч өөрийн эрхгүй нэгдэв.
Үнэндээ Тунгаа чадварлаг, ааш зан сайнтай, боломжийн царайтай Чинбатыг өөртөө
дурлуулахаар бүхнийг хийж байлаа. Мөн энэ үед Чинбат зориудаар үйлдвэрийнхээ
нэг төхөөрөмжийг эвдээд шинээр авчрах ажлыг гардан зохион байгууллаа. Энэ нь
түүнийг Даваагаас илүү чадварлаг гэдгийг батална гэж бодсон ч хэрэг буруугаар
эргэж үйлдвэр нилээд алдагдал хүлээн хариуцсан инженер Чинбатын нэр төр анх
удаа хурал дээр сэвтэв.
Тайван дүртэй, цагаан царайтай,
жад барин цалам ганзагалсан цагаан морьтой түшмэл дүртэй хүн нөгөөх толгодод
хүрч очив. Түүнийг өмнөөс нь цагаан морьтой баатар эр угтаад –Миний эзний сүр
сүлд гундаад байхад одоо зол жаргал, цог залиа барав. Хайран эзэн минь хойшид
хэрхэх билээ гэхэд түшмэл дүртэй хүн –Эзэнтэний бодол санаа хар усанд балартаад
бусдад хор учруулах буруу шийдвэр гаргах болсон бөгөөд миний ятгалгыг үл
хэрэгссэн тул орших оронгүй болоод эрхгүй гарч ирэв гээд шогшрон байлаа. Тэдний
царай шингэх нарын туяанд гэрэлтэн үзэгдэх бөгөөд хэзээ нэгэн цагт эзэн нь
тэднийг хэрэглэхээр дуудвал даруй буцан очиход бэлэн байх тухайгаа хэлэлцэж
байлаа.
Чинбат янз бүрийн шалтаг эрэн
Болороотой муудалцах болж Тунгаатай хамт
амралтын газарт очин цэнгэх болов. Зарим найзууд нь Болороогоо битгий гомдоо
гэсэн бол нэгэн хэсэг нь Тунгаа шиг сайхан бүсгүй л чамтай таарч тэнцэнэ гэж
ятгах ажээ. Болороо нөхрийнхөө өөрчлөгдсөн зан аашыг засах гэж чадлаараа
оролдох ч бүтэлтэй юм болохгүй байсан бөгөөд саянаас өдөөн хатгасан агуулгатай
нэргүй захидлууд хүлээн авах болжээ. Өөр
нэгэнтэй болсон гэдгийг нь мэдсэн ч охиноо бодон ухаантай шийдвэр гаргах байх
гэж бодон тэвчээртэйгээр хүлээсээр байлаа. Өвлийн нэгэн өдөр Чинбат чемодандаа
хувцсаа хийгээд үг ч дуугаралгүйгээр гэрээ орхин гарав. Унтаж байгаа охиноо
дахин нэг харъя гэж бодсон ч сэтгэл хоёрдохын нэмэр гэж үзсэн тул шууд шатанд
уруудан доошиллоо. Чинбатын шинэ амьдрал эхэндээ их л сайхан байлаа. Над шиг
чадварлаг хүн ийм л сайхан бүсгүйтэй амьдрах ёстой гэж бодно. Чинбат гэртээ
найз нараа дагуулан ирээд наргиж Тунгаа ч инээж ханиасаар тэдэнтэй нь дуртай
нэгдэх ажээ. Өндөр цалинтай нөхөртэй тул Орос дэлгүүрээр үйлчлүүлж булган шуба
өмсөх байгаадаа Тунгаа сэтгэл хангалуун байлаа.
Нөгөөх ногоон толгодын зүг согоо унасан гол
шиг бие, гоо царайтай залуухан бүсгүй явж байв. Түүний өврөөс тольны иш цухуйж,
таван өнгийн хадаг яндар бүхий сум харагдана. Бүсгүй замдаа мэгшин уйлах бөгөөд
гунигтай байдал нь түүний гоо царайг гундааж чадсангүй. Тэр эзэндээ олон удаа
хэлж, ятгахыг хичээсэн боловч огт түүнийг сонсоогүй. Түүний амьдрах сууцанд өөр
нэг хорон санаатан ирсэн тул бүсгүйд амьдрах газар ч үлдсэнгүй. Үлдсэн 2
нөхөртөө эзнийг сайтар харж хандахыг захиад эрхгүй гарч ирсэн нь энэ билээ.
Чинбат ажилдаа ч очихгүй хэд
хоногоор уух боллоо. Хамт олон дундах нэр хүндээ ч алдсан ч гоц чадвартайд нь
итгэн байлгасаар. Гурав хоног дараалан наргиад очсон Чинбатын нүд нь улайн
бүлцийж нүүр нь хавдаад амнаас нь эхүүн үнэр анхилна. Шар тайлсан архиндаа
дахин согтсон тул тун амархан хийх зүйл дээр нилээд удаж сүүлдээ ширээн дээрээ
унтаад өглөө. Өдөр нь даргадаа нилээд хатуухан донгодуулав. Тунгаагийн эцэг, эх
ч түүнд таагүй хандах болж, Тунгаа төрсөн гэртээ очоод хэд хоногоор тэндээ
өнжих болов. Чинбат түүний араас согтуу очиход хадам эцэг нь оруулаагүй бөгөөд
гэртээ буцах замдаа өөр эртэй сугалдалцан яваа Тунгааг харжээ. Гутарсан Чинбат
шуудхан найзындаа очиж харууслаа хуваалцан, эмэгтэйчүүдийг муулан ярилцана.
Тунгаа дахин түүн дээр ирсэнгүй. Царай зүс сайтай гэгдэж байсан Чинбат одоо
бараан царайтай, сүүмгэр нүдтэй хүн болон хувираад амархан хийж чадах зүйлийг
хэсэг хугацааг зарцуулдаг боловч гараас нь гарахгүй удна. Тэр жилийн оны
шилдэгээр өөр цехийн Төмрөө тодорлоо. Үдэшлэг дээр халамцаж атаархсан Чинбат
дарга руугаа гомдлын үг чулуудан агсам тавилаа. Дарга нь ч согтуу хүний үгийг
тоож үзсэнгүй гэрт нь хүргэж өгөв.
Дөлгөөн дүртэй, элдэв өнгийн
хэв торгон хувцастай янз бүрийн эрдэнийн чулуун чимэглэлтэй цагаан морьтой эр
ногоон толгодод хүрэв. Өмнө нь гарсан гурван нөхөд нь урьдын сайхан төрхөөрөө
түүнийг угтан авсан ч царайд нь харуусал тодрох ажээ. Эзэнтэн чамайг бас
явуулчихсан уу гэж асуухад сүүлд очсон эр дуугүй л толгой дохив. Үнэхээр үлдэж
болсонгүй гэж үү гэж бүсгүйг асуухад- Одоо эзэнд тун багахан зүйл үлдсэн. Тэр
намайг хөөгөөд явуулчихлаа гэж тун дуу муутай хариулав. Тэр дөрөв уйлалдав. Амь
сахигч л гагц эзнийг хэзээ ч орхихгүй юм даа гэлцэн бага зэрэг тайвширлаа.
Хурдан буцаж очоод эзэндээ тусламаар байгаа ч тэднийг дуудахгүй бол болохгүй
шүү дээ гэлцээд санаа алдав.
Нарантуул замын ойролцоох нэгэн
хашаан дотор ачааны машины бүхээгээр дүүрэн шуудайтай сав харагдана. Чинбат
хурдаа нэмэгдүүлсээр аль болох хурднаар шил авах цэг рүү зүглэсэн боловч машин
хэдийн хөдлөөд хажуугаар нь дайрчих шахам өнгөрлөө. Амжиж ирсэн бол ажилд нь
туслаад овоо хэдэн шил уух юм мөнгө авах байна. Чинбат эртний танил авгайд
намайг ирэхийг хүлээхгүй яав гэхэд өмнөөс нь баахан хараалаар угтлаа. Чинбат
урдаас нь инээгээд бүртгэлийн дэвтрийн хавтсан дээр нь байх гурвалжин,
дөрвөлжин дүрс бүхий математикийн томъёололыг хараад –Илтгэгч функц гэж та
мэдэх үү? Энэ хараа гээд тэр томъёог тайлбарлахад шил авагч авгай төвөгшөөн
бушуухан авчирсан юмаа харуулахыг тушаав. Энэ хооронд өөр хэдэн хүмүүс шилээ
тушааж байсан болохоор шил авагч авгай дутуу мөнгийг Чинбатад өгөхөд Чинбат бүх
шилээ тооцоолон хэрэлдэв. Түүнийг иймхэн юмаар зальдана гэж үгүй. Хэдэн бэлэн
гоймон, зайдас аваад траншейндээ очоод багахан найр хийж хоолныхоо дараа Орос
дуу дуулан нөгөө хэдээ хөгжөөнө. Өглөө нь байгаа зүйлээрээ хоол хийх аваад шил
түүх ажилдаа гарна. Чинбатад есөн давхрын хүмүүс огтхон ч сонин биш санагдаж
өөрт нь таагүй хандсан хүнийг үзэн ядаж аймаар хараал хэлнэ. Болороо түүнийг
аль хэдийн мартсан байх. Аль таван жилийн өмнө охиноо аваад гадагшаа гарсныг нь
дам сонсож билээ. Тунгаагийн хаана явааг чөтгөр л мэдэх байх. Түүнийг нэрийг
сонсохыг ч хүсэхгүй байна. Оюутан ахуйдаа сурсан сүлд дуугаа амандаа
гингэнүүлэн аялсаар Чинбат дассан
замаараа шуудайгаа үүрэн алхаж явлаа. Гэнэт хөл алдан доошоо унах шиг
болов. Чинбат хөдөлж чадсангүй. Уусан архи нь гараад одоо маш их өвдөлтийг л
мэдэрч байлаа. Тусламж дуудан хашгирахыг хүссэн ч дуу нь өөрөөс нь өөр хэнд ч
сонсогдсонгүй.
Амь сахигч , хар морьтой хуяг
дуулгатай баатар эр Чинбатад хүндэтгэл үзүүлээд эргэж ч харалгүй тун шийдэмгий
цааш одох гэсэн ч цогцсон дээр ирсэн бараан зүйлийг хөөж явуулан сүнсийг нь
аюулгүй гаргахад тусаллаа.
Тавуулаа нэгдсэн тэд Заяаны
тэнгэрийн дараагийн даалгаврыг хүлээхээр тэнгэрийн хаяанд сүндэрлэх сайхан
балгасын зүг одов.
No comments:
Post a Comment