Sunday, January 24, 2016

Ахын дуу

АХЫН ДУУН БА МОЮН НАР

Жин улсын сударт тухайн үед алдаршиж байсан Сүмбэ нарын нэгэн дууны үгийг оруулсан байдаг. Энэ дууны тухай олж үзээд үйл явдлын эх үндэсийг бяцхан сурвалжилсан тухайгаа оруулмаар санагдлаа. Ах, дүүсийн хагацал, эрх мэдлийн тэмцлийн гуниг шингэсэн энэ дуу төрөөд 1700 гаруй жил улиран өнгөрч тоолшгүй олон үйл явдал болон өнгөрчээ.

Ахан минь яваад эргэж ирсэнгүй
Салан хагацах амархан
Ахин бие биетэйгээ уулзах хэцүү
Адуу ноцолдоно, хүн ноцолдохгүй.
Дайсагналцах нь хүмүүст ч буй
Дайсагналцах нь адуунд ч буй
Та Байлан уулын тийш одсон
Түмэн газар надаас холдсон
Лүн уулын өндрийг ээ!
Инь уулын хүйтнийг ээ!
Энд ах минь үзэгдэхгүй
Элэг зүрхийг шимшрүүлнэ


Хүн гүрнийг залган гарч ирсэн Сүмбийн хаант улс задарч аймаг бүр харъяат албатаа захиран өвсний соргогыг даган нүүдэллэж ая тухтай газрыг эрэлхийлж байсан энэ цаг үед Тоба, Дуань, Моюн, Ювэн, Цифу зэрэг аймаг ялгаран хүчирхэгжиж  цагаан хэрмийн өмнөдийн нутгийг эзлэн төр улсаа байгуулж байжээ.

Тэдгээр олон аймгуудын нэгэн Ляо голоор нутаглаж байсан Моюн аймгийн толгойлогч Шэгуйн хоёр хүүтэй өмнө дурдсан дууны домог холбогдоно. Моюн Хуй Шэгуйн их эхнэрээс төрсөн бага хүү байсан бол Туюухун татвар эхнэрээс төрсөн ахмад хүү нь байв. Хоёр хөвгүүд ялгаагүй эрдэм чадалтай, эр зоригтой байсан ч эхийнх нь байр суурь тэднийг зааглаж байлаа. Хөвгүүдийг өсвөр насанд хүрэх үеэр эцэг нь нас барсан тул аймгийн толгойлогчийн үүргийг авга ах Шан хүлээн авч хоёр жил болоод дотоодын зөрчил тэмцлийн улмаас алагджээ.  Толгойлогчийн ор суурийг тодруулах болоход хуралдайд цугласан сурвалжит язгууртнууд уламжлал ёсоор их эхнэрээс төрсөн Моюн Хой(268-333)-г шинэ удирдагчаараа сонгосон байна. Мөн энэ цаг үеэр Хой, Туюухун нарын адуун сүрэг хоорондоо бэлчээр булаацалдан тэмцсэн тул Туюухун(265-317) нутаг орондоо оршин суух аргагүй болов гэж үзэн харъяат иргэдээ аван алс холын нутгийг зорин нүүдэллэжээ. Тэд Ордос нутаг түр саатан тэндхийн зарим иргэдийг өөрсөддөө нэгтгээд зогсолтгүй явсаар мянган бээр газрыг туулан Хөх нуурт хүрч тэндхийн Цян/Түвдийн дээдэс/ нарыг эрхшээлдээ оруулан ханлиг байгуулан суув. Туюухуныг 317 онд нас барсны дараа түүний жаран хөвгүүн Сүмбийн Цинхай, Туфа, Цифу овгуудыг нэгтгэн улс байгуулаад эцгийнхээ нэрээр нэрлэжээ. Туюухун улс Вэй, Жой, Сүй, Тан улсуудтай хил залган оршиж зарим үед нь алба барьж явсаар 672 онд Тан улсын түрэмгийлэл, Цян нарын бослогоор дарагдан мөхсөн байна. Өнөөгийн Монгор буюу Цагаан Монголчуудыг тэдний үр удам гэж үздэг ба Юань гүрний үед суурьшсан Монголчуудтай цус холилдсон гэдэг.

Харин Моюн аймгаа захиран үлдсэн Хуй юун түрүүнд Солонгос угсааны Буёо улс руу дайрч түмэн хүнийг боол болгон олзлон авчирсан ба Ляо голын тариалангийн бүсийг эрхшээлдээ оруулан авснаар аймгийн иргэдийн аж байдал нилээд дээшлэв. Мөн Гүгэрё улс руу хэд хэдэн удаа дайрч зарим үед алба авч байв. Ин уул, Ляо голоор нутагтай Моюн нар нанхиад нутагт шинээр мандсан Жин улстай тулалдаж байсан боловч 289 он гэхэд алба  барьж байхаар болсон байдаг. Мөн ижилхэн Сүмбэ язгууртай сурвалжит аймаг Дуаньтай  ураг барилдаж Дуань Жие толгойлогчийн охиныг их эхнэрээ болгон авчээ. Хуй 294 онд өнөөгийн Ляонин нутагт нийслэл хотыг байгуулав. Энэ цаг үед Жин улс дотооддоо тариачны үймээн бослоготой, гадааддаа Хүннү гаралтай Хан Жао улстай тэмцэж байсан тул эдгээр самуунаар дайжсан олон тооны нанхиад иргэд Моюн нарын нутагт зугтаж ирснийг Моюн Хуй найрсагаар хүлээн авч байсан тул хурдан хугацаанд албат иргэд олонтой болж хүчирхэгжиж эхэлсэн тул Жин улсын хаан  тэднээс сэрэмжлэн Ляодуны гүн хэргэм хүртээжээ.  Хуйгийн удирдлаган дор Моюн нар Хүннү нарын нэг аймаг Юйвэн нарыг эрхэндээ оруулж тусгаар төр байгуулах эхлэл тавигдсан ба хожим түүний хүү Моюн Хуан өөрийн Ян улсыг байгуудсан байна. Хятадын түүхэн дэх түрүү Ян, хожуу Ян, баруун Ян, өмнөд Ян улсууд нь цөмөөр Моюн Хуйгийн үр хойчис байсан ба хоорондоо эв нэгдэлгүй тусгаар оршин байгаад Сүмбэ угсааны Тоба нарын байгуулсан Вэй улсад дарагдан мөхжээ.

Моюн Хой насан эцэслэх хүртлээ эгэж уулзахааргүй хагацсан ахыгаа санагалзаж энэхүү дууг дуулсаар байсан ба нутгийн олны дунд ихээхэн алдаршиж байсан ажээ.

No comments:

Post a Comment