Tuesday, June 2, 2015

Сүнсээ чөтгөрт худалдсан гэдэг түүхэн хүмүүс


Шунал ихэдвэл шулам болно гэсэн хэллэг бий. Барууныхан дунд сүнсээ чөтгөрт арилжаад оронд нь эд баялаг, нэр  төрийг олж авсан хүмүүсийн тухай яриа нилээд байдаг ажээ. Хүний ертөнцийн хүсэл шуналын хүлээсний улмаас энэ амьдралдаа сэтгэл хангалуун явах ч үхсэний дараа сүнс чөтгөрт үйлчилэхээр тохиролцоо байгуулсан хүмүүсийн тухай дор жагсаалтанд дурдлаа.
Пап лам Силвестр II (945 - 1003-5-12)
Пап лам тухайн цаг үеийнхээ өндөр боловсролтой хүмүүсийг нэг байсан ба  математик, одон орон, механик судалж, тэгш хэмийн хэмжүүр ба  дүүжин цагийг нээж баруун Европд Араб тоог танилцуулжээ. Мөн тэр математик, байгалийн шинжлэх ухаан, хөгжим, гүн ухааны номуудыг бичиж байв. Силвестр бол 10-р зууны үеийн хамгийн алдартай бөгөөд Франц гаралтай анхны пап лам юм. Гэхдээ түүнийг нас барсны дараа пап ламын гайхалтай оюун ухааны тухай цуу яриа дэгдэж гайхалтай нээлтүүд нь чөтгөртэй хийсэн наймааны үр дүн гэж үзжээ. Энэ нь үнэндээ Арабын ертөнцтэй хийсэн гайхалтай шинжлэх ухааны хэлэлцээр байсан ч түүний зоригт оролдлогыг  сүм,хийдийн мяндагтнууд ингэж үзсэн байдаг.

Wednesday, April 22, 2015

Домгийн шувууд

Хүмүүс бид шувуудын уянгалаг жиргээ болон элэн нисэх чадвар зэргээс нь шалтгаалан эрх чөлөө, хүсэл мөрөөдлийн тухай төсөөллөө жигүүртэнтэй зүйрлэн оюун санааны бүтээлдээ тусгасаар өнөөг хүржээ. Дэлхийн улс орнуудын домогт тусгалаа олсон хачирхалтай шувуудын тухай түүвэрлэн хүргэж байна.


Бену
Энэ шувууг дэлхийн олон орны домгуудад гардаг галт шувууны Египет хувилбар нь гэж ойлгож болох юм. Бену шувуу өргөн уудам газар нутгийн дээгүүр элэн халин нисэхдээ хорвоо ертөнцөд болж байгаа сайшаалтай хэрэг болон бүтэхгүй зүйлийн тухай мэдээлэн чанга дуугаар орилдог тухай домогт өгүүлсэн байдаг. Харагдах байдал нь хөх дэглийтэй төстэй боловч илүү хурц тод өнгийн өд сөдөөр бүрхэгдсэн байх ба зарим тохиолдолд хүний толгойтой тухай дурдагдана. Египетчүүд Бену шувууг заримдаа нарны бурхан Рагийн хувилсан дүр гэж хүндэтгэх ба хааяа шувуунд титэм зүүлгэсэн байдалтайгаар дүрсэлсэн байдаг ажээ. Бену шувуу шинэ өдрийн нар мандахтай зэрэгцэн дахин шинээр төрдөг гэлцэнэ. Түүний өдөр бүр дахин шинээр төрж байгаа тухай асуудал нь үхлээс дахин амилсан Осирисийн домогтой утга ижил болгож байна. Бену шувуу персеа модны үзүүр, том барилгын орой дээр суухдаа нарны цацрагийн хүчээр дахин шинээр мэндлэх аж. Хожуу үеийн домгуудад түүнийг галт шувуутай адилтган дүрсэлсэн байх нь олдох ба түүхч Херодот Бену шувууг 500 жил наслаад өөрийнхөө дотоод галд түлэгдэн үхэх ч үүдсэн үнс нурамнаас нь дахин төрдөг гэж тэмдэглэсэн байдаг байна. Египет домгоор бол үнс нурам нь нарны бурхны орших ариун газар ажээ.

Friday, March 27, 2015

Тав

Чинбат гадаадад улаан дипломтой сургууль төгсөж ирээд шуудхан үйлдвэрийн хэсгийн даргаар томилогджээ. Дөнгөж сургууль төгсөж ирсэн залуу инженер ч даасан ажлаа чадварлаг гүйцэтгэж хоёр жилийн дотор хэд хэдэн хэмнэх санаачлага гарган мянган ажилчидтай үйлдвэрийн оны шилдэгээр тодрон гялалзаж байлаа. Мөн дунд сургуулийн нөгөө ангид сурч байсан зан ааш сайнтай Болороотой гэрлэж охинтой болоод ажил, амьдрал бүх зүйл тэгширлээ гэж найз нөхөддөө хүндлэгдэж байв. Хамт олныхоо дунд чухал хүн гэдгээ мэдрэх Чинбат урам зоригоор дүүрэн ажилдаа яваад гэртээ баяртай ирнэ. Ийм маягаар таван жил өнгөрч түүний албан тушаал дээшилсээр  орлох инженерээр томилогджээ. Энэ хэдэн жилд өөрийгөө үйлдвэрийн түүхэн дэх хамгийн залуу захирал ч болж болно гэж бодсон Чинбат удирдах тушаалтангуудтай дотно нөхөрлөн, гэр орноор нь орж гарах болж Бямба гаригийн орой шил юм хувааж уунгаа хэтийн төлөвлөгөөгөө ярьдаг байв. Эхэндээ бусдыг дагалдах маягтай байдаг байсан Чинбат энэ хэрэгтээ бусдыг уриалах дуудах хандлагатай болжээ. Нийслэлээс ирсэн төлөөлөгч нарыг агаарт гаргангаа ойролцоох амралтын газарт очиж хоёр хоног цэнгээд ирсний дараахнаас Чинбат юунд ч юм бухимдаад, гэртээ очихоос ч дургүй хүрээд байх болов.

Tuesday, March 3, 2015

НАЙМ ДАХЬ НОТ

Батбаатар бараг тавилгагүй өрөөн дотроо тамхи соронгоо ийш, тийш холхин  алхсаар л байлаа. Нэг буланд тулмагц өсгий дээрээ хөнгөхөн эргээд л өөр тийшээ алхана. Нээлттэй цонхоор хүнд даацын машины нүсэр чимээ сонсогдоход түргэн түргэн алхан очиж валконыхоо вакум цонхыг тасхийтэл хаалаа. Бага зэрэг төвлөрч эхэлж байсан бодол нь саяын чимээнд сарниад буцан нийлэх шинжгүй болжээ. Толгойд нь ахуйн түмэн бодол эргэлдээд ямар ч хөг аялгуу дуурсахгүй байлаа. Батбаатар хоёр гараагаа шанаагаа тулаад төгөлдөр хуурынхаа өмнө нүдээ анин суугаад баруун Монгол аялгууг амаараа исгэрэв. Ихэнх тохиолдолд үр дүнтэй болдог байсан хамгийн үр дүнтэй энэ арга нь ч бүтэлтэй зүйл авчирсангүй. Толгойн дотор урьдын адил түмэн бодол хөвсөөр  л байв. Бараг гучаад жил хөгжмийн зохиол бичиж дундаршгүй авъяастай нэгэн гэж мэргэжил нэгтнүүддээ шагшуулж зарим тохиолдолд атаархагдаж явсан нэгэн билээ. Хэд хэдэн найрал хөгжим, цомнол, дөчөөд киноны хөгжим, 100 хол давсан дуу, жүжгийн аялгуу зохиосон гээд хийж үзээгүй бүтээл түүнд үгүй.

Sunday, March 1, 2015

Мөнхрөх домгийн арга замууд

Мөнхийн амьдрал хүн төрөлхтөний мөнхийн хүсэл байсаар ирсэн бөгөөд эрт цагийн олон хаад, удирдагч нар мөнхрөх арга замыг эрж хайж байв. Гэсэн ч мөнхийн хутгийг олсон нэг ч хүн байхгүй нь амьдралын үнэн билээ. Доор орон орны мөнхрөхтэй холбоотой домгийг сонирхуулъя.
Лусын дагина идэх

Япон домогт лусын дагинархуу нингё гэж нэрлэгдэх амьтан байдаг гэж гардаг. Домогт өгүүлснээр энэ амьтан нь сармагчин, загас хоёрын эрлийз шиг харагдах бөгөөд тэнгист амьдардаг бөгөөд түүнийг барих юм бол шуурга болохын тэмдэг, ер нь муу ёр гэж үздэг байв. Домгийн өөр нэгэн хувилбарт “Найман зуун  наст гэлэнмаа” гэж алдаршсан нэг охин гардаг. Эцэг нь түүнд нингё авчран идүүлснээс болоод охин мөнхөд амьдрахаар шийтгэгджээ. Эмэгтэй маш олон жил амьдарч олон нөхөр, хүүхдүүдээ үхүүлсний дараа бурханд өөрийгөө даатгахаар шийдэж гэлэнмаа болсон байна. Ингээд тэр сахил хүртсэний буянаар 800 жил наслаад өөд болсон гэх домог юм.


Tuesday, February 24, 2015

Солонгосын антифэнгүй алдартнууд



Солонгосын урлагийн ертөнцөд царайлаг жүжигчид, авъяаслаг дуучид маш олон бий. Харин энэ удаа олон талаараа олны хүндлэлийг хүлээсэн дараах жүжигчин, дуучдыг онцолж байна. Доор дурдсан алдартангууд өөрийн хувийн зан чанар, авъяас чадвар, ухаан зэрэг олон талуудаараа бусдаас ялгарсан тул Солонгос хүмүүсийн олонхийн хайрыг татаж даган дууриах шүтээнүүд болжээ. Гэхдээ дуучдаас илүү жүжигчид нь илүү нэр хүндийг хүлээж энэ жагсаалтанд багтсан байна.

Гэнэхэн сүнс


Намайг сэрэхэд орны минь хажууд аав, ээж бас цэнхэр масктай эмч нар зогсож байлаа. Байнга залгаатай байдаг тариаг салгачихсан байсан нь амар, чөлөөтэй санагдав. Би хажуулдан хэвтээд унтсан мэт нүдээ анисан байсан ч эргэн тойрныг сайн харж байлаа. Үргэлж хүнд санагддан ,амьсгалахад бэрх байдаг цээж маань урьд нь байгаагүйгээр хөнгөрч ямар ч зовиур мэдрэгдсэнгүй. Аав маань ажлаасаа ирсэн бололтой шаргал костюмтэйгээ ээжийн мөрөөр тэврэн зогсох ажээ. Ээж минь чимээгүй мэгшин уйлах бөгөөд мөр нь чичрэхийг ажиглаад би их гайхлаа. Би ээжийгээ тайвшруулан бие маань ямар ч өвчингүй болсон гэдгийг хэлэхийг хүссэн ч хаанаас ч юм эгшиглэх ямар нэгэн аялгуунд бодол минь сарних мэт болоод өөрийгөө асар том болсон мэт мэдэрч эхэллээ. Энэ мэдрэмж үнэхээр таатай ажээ. Эмчийг гарж явсны дараа өмнөх аялгуу улам бүр чихэнд ойртоход нойр ихээр хүрэн унтахаар зэхэж байхад ээж минь намайг дуудав. Би нүдээ нээхийг хүчилсэн ч тэднийгээ тодоор харж чадсангүй зэрэглээтсэн тунгалаг хөшиг аав, ээжийн минь царайг бүрэлзүүлэн сарниаж харагдуулна.

Нинжагийн нууц зэвсгүүд



Сонгодог соёлд нинжа нарын илд гарамгай эзэмшдэг, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, хар хувцастай дайчид гэж дүрсэлдэг. Үнэн хэрэгтээ нинжа нарыг илднээс илүүтэй нууж далдлахад амраар нь хутгыг хэрэглэдэг  байв.  Тэд шиддэг одыг холын дайралтанд ашиглах ба тас хар биш хар хөх өнгийн хувцас өмсдөг байжээ.  Мэдээж хэрэг нинжагийн түүхэн баримтууд болон өнөөгийн уран сайхны хооронд ялгаа нилээдгүй байх нь гайхаад байх хэрэг биш л дээ.