Tuesday, February 16, 2016

Төрийн ураг барилдах ёс буюу алтан аргамж-1

Их хааны охид төр улсаа бататгахын төлөөнөө харийн овог, аймагт хатан болон одож байсныг та бид мэдэх билээ. Улс төрийн шинж чанартай энэ ураг барилдах ёс Юань гүрний мөхөл хүртэл оршиж байсан ба Чингис хааны охидын ураг холбосон овог аймгийнхан үе дамжин алтан урагтантай гэрлэж байсан байна.


Чэчэйхэн  ба Ойрдууд
Add caption
1207 онд Зүчийг ойн иргэдийг дагуулахаар очиход тэдний удирдагч Худуга бэхи үслэг арьс барин байлдалгүй дагаар орохоор ирсэн учир Чингис хаан талархан хоёрдугаар охин Чэчэйхэн, Зүчийн охин Олуйхан нарыг Худуга бэхийн хөвгүүдтэй гэрлүүлэхээр болжээ. Чингис хаан охиноо «... Эрт босож, орой хэвт... Өдөр шөнө нэгэн сэтгэлээр хатууж. Амны ухаан билгээ тогтоо.. эс сурсан мууг энд тавьж /үлдээж - Д.Э/ од. Сурсан сайныгаа аваад од, Ойрад иргэнээ сэлбэн холбон соёрхогтун» гэж сургажээ. Энэ цагаас эхлэн алтан ургийн язгууртнууд ойрдуудтай хэдэн үеэрээ ураг барилдаж байсан түүхтэй. Юань улсын сударт тэмдэглэснээр зургаан монгол гүнж ойрдод хадамд очжээ. Чэчэйхэн гэдэг нь Монголд ургадаг нэгэн цэцгийн нэр гэж Юань улсын сударт тайлбарласан байна. 

Чэчэйхэн бэхи Төрөлчитэй гэрлээд Бугатөмөр, Буртуа, Барсбуга гэх гурван хүү Кубаг, Ургана,Хучу, Өлзий гэх дөрвөн охинтой болжээ. Дөрвөн охин Чэчэйхэнээс төрсөн эсэх нь тодорхойгүй ч Төрөлчийн охид бол мөн гэж Рашид-ад-дин бичсэн байна. Кубаг Хүлэгүгийн анхны эхнэр болсон бол Ургана Цагадайн ач ХарХүлэгүтэй, Хучү Батын хүү Тогоонтой, Өлзий мөн Хүлэгүтэй гэрлэжээ. Харин Олуйхан гүнж нэг хүү төрүүлсэн ба тэр хүү нь Алтан ордын цэрэгт 4000 Жалайруудын захирагч байв. 

Мөн Хубилай хааны ач охин ЯнАнь гүнж, Мөнх хааны охин Бичих нар ойрдын язгууртантай гэрлэсэн байна. Худуга бэхийн охин Огул Тэмиш Мөнх хаантай гэрлэсэн байна. Чингис хаан энэ охиныг хатан болгон авахаар ярьж байсан ч энэ биелээгүй бөгөөд Тулуйтай гэрлэсэн байна. Тулуйг нас барсны дараа Мөнхтэй гэрлэжээ. Огуль Тэмиш их ухаалаг, зан ааш сайтай,энэрэнгүй сэтгэлтэй байсан болохоор Мөнхийн хайртай эхнэр нь байжээ. Худуга бэхийн төрлийн охин Илчигмыш Аригбөхийн их хатан байлаа. Ийм учраас Хубилай-Аригбөхийн тэмцэлд Ойрдууд Аригбөхийн талд цэрэг гарган, ихээнхэн тусалж байжээ. Чэчэйхэн бэхийн охин Ургана Цагадайн ач хүү ХарХүлэгтэй гэрлэсэн ба нөхрийгөө нас барсны дараа Цагадайн улсыг 1252-1261 хүртэл удирдаж байлаа . Цагадай Урганад их сайн ханддаг байжээ.1261 онд Алгуйг Цагадайн улсыг захирахаар очиход Ургана хатан түүнээс зугтан Аригбөх дээр ирэв. Хэсэг хугацааны дараа Ургана хатныг хүүтэй нь хамт Алгуй руу явуулсан ба Алгуй түүнийг хатнаа болгож авсан.1266 онд Алгуйг нас барсны дараа Ургана хатан өөрийн хүү Мубаракийг их хааны зөвшөөрөлгүй Цагадайн улсын хан болгосон нь Хубилайд таалагдсангүй. Ингээд Хубилай Цагадайн гуч хүү Борогт алтан гэрэгэ өгөн хан болгохоор явуулав. Борог ингээд Мубаракыг түлхэн хан болов. Ургана хатан энэ үеэр нас барсан бололтой байдаг. Гүюг хааны охин Ойрдын Тангистай гэрлэсэн ажээ. Тангисийн охиноос төрсөн Кутлуг хатан Аргун хаантай гэрлэж Газаныг төрүүлсэн байна.

No comments:

Post a Comment