Tuesday, February 16, 2016

Төрийн ураг барилдах ёс буюу алтан аргамж-5

Их хааны охид төр улсаа бататгахын төлөөнөө харийн овог, аймагт хатан болон одож байсныг та бид мэдэх билээ. Улс төрийн шинж чанартай энэ ураг барилдах ёс Юань гүрний мөхөл хүртэл оршиж байсан ба Чингис хааны охидын ураг холбосон овог аймгийнхан үе дамжин алтан урагтантай гэрлэж байсан байна.


Хонгирад ба Боржигин
Add caption
Эртний монголчууд нь харь овгийнхонтой ураг барилдах заншилтай, нэг овгийн дотор гэрлэхийг цээрлэдэг байжээ. Хонгирад аймгаас гоо үзэсгэлэнтэй охид төрж, хаан язгууртан болсон Боржигон овогтонд бэр болж очдог байлаа. Есүхэй баатар Хонгирадын салбар болох Олхонуд аймгаас Өүлэнийг эхнэр болгон авчээ. Чингис хаан бас Хонгирадын Дай сэцний охин Бөртийг гэргий болгон авсан байна. Үүнээс хойш ч Боржигон овгийн алтан урагтнуудаас Хонгирад аймгаас хатад авсан хаад язгууртнууд нэлээд байдаг.

Чингис хаан зарлигдан: «Хонгирад аймаг... охин төрвөөс хатан хэмээгдэж, нуган хөвүүн төрвөөс гүнж хэмээгдэж /хүү төрвөл гүнжээр шагнах/, үеийн үед тасрашгүй» гэж хэлсэн байна./«Юан улсын судар: Хатад татварын намтар», боть I сүүлчийн хэвлэл т 2869 /

Чингис хааны авааль эхнэр Бөртэ бол Олхонуд, Хонгирадын хүн мөн.
Бүтэхийн урьд учирсан
Бөртэ үжин их хатан минь
Эрдэнэ мэт эцгийн минь зөөсөн
Эх мэт гэргий бөлгөө. 

Гэтэл Дай сэцний хөвүүн ач нар нь яваандаа тусгаарлан нэгэн овогтон болж салбарлан гарсныг түүхэнд Босохур Хонгирад гэдэг. Юан улсын эцэс болтол / 1368/ энэ Босохур Хонгирад овгийн охидоос гол ордны Хуаньхоү /хатан/ болсон нь 11, мөн Хуаньхоү хэмээгдсэн ба Хуаньхоүгээр нэхэмжлэгдэн өргөмжлөгдсөн 9 хүн байв. Нуган хөвүүд нь гүнж шагнасан нь 19, түүний дотроос 13 хүн нь ван өргөмжлөгджээ. 

Бөртэ хатан Анчин, Начин, Цээ гэх гурван ахтай байв. Эндээс Анчин Чингис хааны үеийн зөвоөх сайд байж, түүний эрэгтэй талын хүмүүс үеэрээ Юань улсын төрийн сайд, цэргийн захирагч байжээ. Чингис хааны ууган хүү Зүчи Дэйсэцэний төрлийн охидууд Сартгуа, Уги нартай гэрлэсэн бол хоёрдугаар хүү Цагадай Дэйсэцэний ах Даритайн охин Есөнлүн, Турхан нартай гэрлэсэн юм. 

Хубилай хааны их хатан Чаби Анчины охин, Төмөр хааны Шилиндаш Анчины ач охин байв. Чаби хатан ухаантай, дордостой энэрэлтэй хүн байсан ба Хубилай хаантай төрийн хэргийг зөвлөдөг байжээ. Чаби хатныг ач хүү Төмөр хаан Гэгээн ухаант, зохист Хуанхуо хэмээн нэхэн шагнажээ. 

Хунтайж Чингимийн хатан Хөхжин ч ааш зан сайтай, шуналгүй, арвич хямгач, сайхан сэтгэлтэй хүн байсан учир Юань улсын ордныхон дунд ихээхэн нэр хүндийг олжээ. Төмөр хааны их хатан Булуган Баяуд овгийн хүн байсан ба нөрийнхөө өвчтэй сүүлийн жилүүдэд хааны өмнөөс төрийн хэргийг шийдэж байв. Мөн өөрийн хүү Дашийг хунтайж болгосон боловч хүү нь удалгүй нас баржээ. Ингээд Хубилай хааны ач хүү Анши ван Мангалыг хаан болгохоор оролдож нөхрийнхөө бэр эгч Хонгирадын Дагиг хоёр хүүгийнх нь хамт цөлөв. Гэсэн ч Хонгирад овгийнхон төрд нөлөөтэй байсан болохоор Хайсан тэдний тусламжтай Булуган хатныг барин авч цаазаар аван өөрөө хаан суужээ. 

Чингим хунтайжийн том хүү Дармабалын хатан Даги дөрвөн хааны эринд амьдарч, олон цолоор шагнагдаж байв. Даги хатан Хонгирад овгийн бус хатдыг гадуурхан, Шадвал гэгээн хааны төрд маш их нөлөөтэй байсан ажээ. 1328 онд Есөнтөмөр хааны нас барахад түүний Хонгирад овгийн их хатан Бабухан засаг баригчаар томилогдон өөрийн бага насны хүү Ренчинбалыг хаан болгосон боловч Тугтөмрийн хатан Будаширид шахагдан, цаазаар авхуулжээ. Будашири хатан Тогоонтөмрийг Солонгос руу цөлөн өөрийн хүү Элтөгсийг хаан болгох гэсэн ч нас барсан тул Тогоонтөмрийн дүү Аюушридарыг хаан болгов. Будашири нэр төрд дуртай эмэгтэй байсан болохоор төрөөс удалгүй зайлуулагджээ. Чингис хаанаас алтан ургийн 29 язгууртан Хонгирад овгоос хатан авсан байдаг. Юань улсын үед хонгирад овгийнхны нөлөө асар их болсон ба энэ тухай Юань улсын сударт урьдын Хан улсын Лү, Вэй, Хуо овогтнуудаас ч эрх, мэдэл нь давж гарсан гэж бичжээ.

No comments:

Post a Comment