Си Ши-МЭӨ 500 аад амьдарч байсан Си Шигийн тухай “өдөр ч, шөнө ч гэрэлтэм царайтай, хөмсгөө зангидсан байсан ч, инээж байсан ч гайхалтай үзэсгэлэнтэй, нуурын загасыг живүүлэм гоо” гэх зэргээр түүний тухай домог өнөөг хүртэл яригдсаар иржээ. Ер бусын гоо үзэсгэлэнтэй Си Ши төрөлх нутагтаа хайртай нэгэн байв. 2500 жилийн өмнөх Хятад орны энэ үеийг байлдаант улсуудын үе гэх бөгөөд нэг нэгнийгээ эзлэхийг санаархах жижигхэн вант улсуудад хуваагдсан байжээ. Си Ши тухайн үеийн Юүэ улсын Нингуо гэх уулын тосгоны цай худалдагчийн гэр бүлд төржээ. Охиныг бага байхад У улсын ван Юүэг нутгийг эзлэн эзэн ванг нь олзлон аваачиж өөрийн дэргэд гурван жил байлгаад эцэст нь нутаг руу нь илгээжээ. Барьцаанд байх хугацаандаа У улсын вангийн гоо бүсгүйд дуртай болохыг мэдсэн тул нутагтаа ирмэгц түүнд бэлэг болгон өгөх гоо охиныг улс даяар хайлгав. Ингээд хүүхэд байхаасаа гоо үзэсгэлэнгээрээ алдаршиж байсан байсан Си Ши сонгогдон нийслэлд хүргэгдлээ.
Add caption |
Хаан Сишид сайн хувцас өмсгүүлж, ордны ёс заншилд сургаад сайд Фанлитэй хамт У улс руу бэлэг болгон явуулжээ. Урт замын турш мэргэн сайд Сишид таалагдаж, гоо бүсгүйн эх орныхоо төлөө өөрийгөө зориулж байгаа байдал нь Фан лигийн бахдлыг төрүүлж тэр хоёр бие биедээ хайртай болжээ. Тэд салахаасаа өмнө өөрсдийн сэтгэлийг хувиргахгүй гэж бие биедээ амласан байна. Си Шиг У улсад ирэхэд Фуцай ван өөрийн биеэр угтан авч тэр дороо хотын хамгийн чимээгүй, тансаг хэсэгт ордон гаргаж өгчээ. Фуцай ван Сишиг улс төрийн зорилгоор өөрт нь ирсэн гэдгийг мэдэж байсан хэдий ч гоо бүсгүйн үзэсгэлэнд саатан улс төрийн хэргээ ч мартжээ. Фуцай ван хиймэл нуураар Си Шитай хамт зугаалахдаа “Ертөнцийн хамгийн гоо бүсгүйг харахыг хүсвэл мөнгө төл” гэж шаарддаг байсан бөгөөд тэдний зугаалсан өдөр мөнгөний авдар алт, мөнгөн зоосоор дүүрдэг байв. Энэ үеэс нуурын загас хүртэл гоо үзэсгэлэнг нь харах сэлэхээ мартан живдэг байсан гэх яриа гарсан юм.
Улс төрөөс хөндийрсэн У улсын нутгийг Юүэгийн хаан эзлэн авч өөртөө нэгтгэв. Угийн Фуцай ван тулааны үеэр нас барсан бөгөөд энэ цагаас сяши олны өмнө харагдаагүй гэдэг. Тэр Фан Литэй гэрлэн худалдаачин болсон гэдэг бол өөр нэг домогт хүмүүс Юхуа нуурын усанд Фан Литэй хамт зугаалж байсныг нь хамгийн сүүлд харсан ба усанд унаж нас барсан гэж байдаг.
Ван Жаозун- Өнөө үед тэрээр зөвхөн гоо сайхны тэмдэг бус өөрийн хүслийг умартан хоёр өөр соёлын гүүр болсон тул эв найрамдлын бэлэгдэл болжээ. Төрсөн нэр нь Цян боловч хожмын Жин улсын үед Минфэй гэж хэргэм олгон Жаозун гэж нэрийг нь өөрчилжээ. Одоогийн баруун Хэбэйн нутгийн охин бөгөөд Хангийн Юань (МЭӨ 48-МЭӨ33) хааны үед ордны эмэгтэй болохоор сонгогдон ордонд оржээ.
Юань хааны эцэг Сюань хааны үед Хүннү нар хоорондоо тэмцэлдэн язгууртан удирдагч нар нь таван хэсэгт хуваагдаад байсан ба тэдний нэг Хуханью шанью Сюань хааны дэмжлэгийг авч өөрийн дүү Жижиг ялсан ба Хан улсын нийслэл Чаньань хотод хүрэлцэн очиж томоохон найр, хуримыг үүсгэж байжээ. Хуханью шаньюгийн Хан улстай хийсэн энэ гэрээ Сюань хааныг нас барж, түүний орыг хүү нь залгасан ч үргэлжилж харилцан бэлэг илгээж, цэрэг, ад агуурсаар бие биедээ тусалж байсан байна. Хан улсаас тусламж авсан Хуханью дүү Жижиг алс баруун зүг дутаалгажээ. Ингээд Хан улсын дайснаа өөрсдөөр нь даруулах бодлого амжилттай хэрэгжсэн ба хаан ширээгээ хадгалж чадсан Хуханью МЭӨ 33 онд Чаньань хотод хоёр дахь удаагаа айлчлан очсон байна.
Add caption |
Нилээд хэдэн жил Хан улстай найрсаг харьцаатай байсан Хуханью нанхиадын хааны гүнжтэй гэрлэх хүсэлт гаргалаа. Хан улсын ахан өөрийн хайртай охиныг алс нутаг руу илгээхийг хүсэхгүй байсан тул ордны шивэгчин охидод сайн хувцас өмсгөөд Хүннүгийн шаньюд зориулан найр үүсгэв. Хуханью тэдгээр охидын дундаас онцгойрох сайхан төрсөн Ван Цянийг сонгоход Юань хаан ордонд ийм эмэгтэй байдгийг мэдээгүйдээ их харамссан боловч аргагүй өгч явуулах болжээ. Тэр үед ордны зураачид бүсгүйчүүдийн зургийг зуран хаанд харуулах ба хаан тэднээс татваруудаа сонгодог байв. Ван Цянь зураачид өгөх хахууль мөнгөгүй байсан учир зураач түүний хөргийг том мэнгэтэйгээр зурсан учир хаанд сонгогдоогүй байсан ажээ.
Хүннүгийн шанью, Ван жаозун нарын хуримыг Чань-аньд хийж, Юань хаан авилгач зураачийг олон цаазаар авсан боловч амлалтаа зөрчих аргагүй тул тал нутаг руу үдсэн байна. Ван умард нутгийг зүглэн дан мориор аялан олон хоног явсны эцэст сая Шаньюгийн өргөөнд хүрэв. Хуханью нүүдэлчин хүний ёсоор эзэрхүү, омголон нэгэн байсан ч Ван Жаозуны ачаар Хан-Хүннү хоёр хагас зуун жил эв найртай байсан байна. Хуханьюг нас барсны дараа Ван Жаожун ууган хүүтэй нь Хүннү заншлаар гэрлэн хэдэн жил амьдраад нас дээр гарсан хойноо төрөлх нутагтаа буцаж, эзэн хааны хайр хишгийг хүртэн, хангалуун амьдарч байгаад насан өөд болсон байна.
Дяочан- Тэрээр хятадын алдартай, баатарлаг роман Гурван улсын үлгэрт гардаг боловч түүний тухай түүхэн баримт байдаггүй юм. Зарим судлаачид Дяочаныг одоогийн Шаанси
Add caption |
мужийн Му арь тосгоны Рэний гэр бүлд төрж, 15 настайдаа Хан улсын хааны ордонд орон дээдсийн малгайг чимэглэдэг ажилтай болсон учир Дяочан нэрийг авсан гэж үздэг юм. Хан улсын Лин хаан 179 онд нас барсны дараагаар энд, тэндгүй бослого, хөдөлгөөн өрнөж, цэргийн мэдэлтнүүд дор бүрнээ тусгаар тогтнох байдал гаржээ. Энэ бүх замбараагүй явдлын төгсгөлд гурван хүчирхэг өрсөлдөгчид үлдэж хоцрон, хааны ордныхон эрх мэдлээ алдаж, энд тэндгүй цус урсан, Хан улс мөхлийн ирмэгт иржээ.
Цэргийн эрх мэдэлтнүүдийн нэг Дун Жуо өргөмөл хүү чадварлаг дайчин Лү Бүгийн тусламжтайгаар балчир эзэн хааныг гартаа оруулж, өөрийн талынхныг албан тушаалд томилон, ерөнхий сайд байсаар байтал улсыг захиран дээд зэргээр харгис аашилж байв. Дун өөртэй нь өчүүхэн зүйл дээр ч санаа нийлээгүй хэн бүхнийг цаазлан, нийслэл хотын гадна өөртөө зориулан харш бариулаад найман зуун шивэгчдийг татвар гэж өргөмжлөн наргиж байх үеэр "тоглоомын эзэн хаан" дургүйцэн дэргэдийн хүмүүсээсээ тусламж гуйжээ. Тэдгээр хүмүүсийн нэг Ван Юн эзэн хаанаас Дун жуо өөрийг нь унагаахыг ихээр хүсдэгийг мэдэж аваад хэрхэн улс орноо Дуны харгис гараас салгахаар бодол болж эхэлжээ.
Хэдэн өдөр шөнө тунгаан бодсоны эцэст эрүүл чийрэг охиныг энэ хэрэгтээ ашиглахаар болов. Хан улсын уналтын үед Дяочан ордноос гарч Ван Юны гэрт дуулж, бүжиглэн тэднийхнийг зугаацуулдаг хүн болсон байлаа. Ван Юн түүнийг өөрийн охин шиг хайрладаг байсан болохоор эргэлзэж байсан боловч нэгэн сартай шөнө гадагш гараад Дяочан сарны бурхнаас өөрийн аав шиг эзэндээ тусламаар байна гэж залбирч байхыг сонсчээ. Ингээд Дяочаныг Дун Жуо, Лү Бү хоёрыг муудалцуулахад ашиглахаар төлөвлөгөө гаргаснаа ярихад Дяочан зөвшөөрсөн байна.
Ингээд маргааш өдөр нь Ван Дяочаныг дагуулан Дун дээр очин бэлэг болгон өргөх санаатай байгаагаа хэлэхэд Дун ч гоо бүсгүйг хараад баяртайгаар зөвшөөрсөн байна. Үүний маргааш өдөр Ван Дяочаныг мөн дагуулан Дунгийн өргөмөл хүү Лү Бүд аваачихад хэзээний түрэмгий Лү ч шуудхан охиныг гэртээ аваачжээ. Энэ хэргээс болон эцэг, хөвгүүд муудалцаж Лү бү өргөсөн эцгээ алаад, түүнийхээ дараа өөр нэгэнд алагдав.
Дун Жуог нас барсны дараа өөр нэг хүчирхэг хүн Цао Цао улс төрийн тавцнаа гарч ирсэн ба мөн Дяочаныг өөртөө авахыг хүсэмжилжээ. Энэ үеэр Дяочан Хангийн хаан угсааны ван Лю Бэйгийн итгэлт нөхөр Гуан Югийн дэргэд байсан ба Цао Цаогийн хүслийг сонсоод амиа хорлохыг завдсан ч бүтэлгүйтэж сүмд гэлэнмаа болон суусан байна. Цао Цао гэлэнмаа болсон Дяочаныг орхих хүсэлгүй байсан тул хүмүүсээ илгээн сүмээс нь чирч гаргахад Дяочан цэргүүдийн нэгнийх нь сэлмээр амиа хорлосон гэдэг ч домгийн өөр нэгэн хувилбарт Лю Бэйгийн байгуулсан Шу улсад насан эцэслэх хүртлээ урт удаан хугацаанд амьдарсан гэдэг.
Ян Гуйфэй(719-756) - Орон нутгийн түшмэлийн охин Ян Юхуан 14 насандаа Сюаньзун хааны хөвгүүн Шоу ван Ли Маотай ураг холбон гэрлэжээ. 737 онд Сюаньзун хааны хайртай татвар нас барсанд эзэн хаан ихээр гашуудан байх үедээ гашуудлыг нь тайлах гоо үзэсгэлэнтэй бэрийгээ олж харсан байна. Таалсан бүсгүй нь нэгэнт хүүгийнх нь эхнэр болсон байсан тул Сюаньзун хаан арга хэрэглэн Юхуаныг сүмд гэлэнмаа болгон хэсэг суулгаад энэ хоорондоо хүүдээ шинэ эхнэр авч өгчээ. Ингээд хүмүүсийг марттал хэдэн жил хүлээсний эцэст 745 онд гэлэнмааг ордонд оруулан Гуйфэй гэх татвар хатдын дотроос хамгийн хүндтэй цолыг хүртээсний хажуугаар Юхуаны гэр бүлийнхэнд их шан хүртээжээ. Залуу, идэр насандаа ухаалаг, мэргэн шийдвэрүүд гаргаж асан эзэн хаан гоо бүсгүйн төлөө бүхнийг зориулахад бэлэн болж, төрийн хэрэгтээ ч тэгтэл анхаарал хандуулахаа болсон байна.
Эзэн хаан Ян Гуйфэйг машид хайрлах боловч зарим шалтгаанаар тэд маргалддаг байсан ба Ян Гуйфэй гэртээ харихаар замд гарахад нь хаан өөрөө буцааж авчирсан байна. Хаан түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдсэн тул өмнөхөөсөө ч илүү хайрлах болж дотоод ордонд түүний үгнээс гарах хүн байхгүй болов. 750-иад оны үеэр Түрэг гаралтай цэргийн захирагч Ан Лушан нийслэл ЧаньАнь хотод зочлон эзэн хаанд бараалхсан ба дараагийн цөөн жилийн дотор нилээд олон удаа нийслэлд очсон нь хааны үзэсгэлэнтэй татварыг харах хүсэлтэй нь холбоотой байсан аж. Энэ үед Ян Гуйфэй хааны хайранд умбан, элбэг хангалуун тансаглал дунд амьдарч байлаа.
Ан ЛуШан элдэв шалтаг хайсаар эзэн хааныг хамжлага албат нараа мартсан гэж буруутган цэрэг хөдөлгөж бослого эхлүүлжээ. Түүний морьт цэрэг хурдан хугацаанд урагшилсаар нийслэл хотод тулахад хаан хүүдээ хаан суудлаа түр үлдээгээгээд Ян хатан болон тэдний гэр бүлийнхний хамт өмнө зүг рүү зугтлаа. Тан улсын цэцэглэн хөгжилтийн дундуур болсон энэ самуун нь олны дургүйцлийг хүргэж энэ бүхний буруутан бол эзэн хааны толгойг эргүүлсэн Ян Гуйфэйтэй холбоотой гэсэн яриа ардын дунд түгжээ. Ингээд 756 оны зун хэсэг цэргүүд хааны байрлан байсан Мавэй газарт хүрч Ян хатныг өгөхийг шаардсан ба хаан хэдий эсэргүүцсэн хэдий ч уурссан цэргүүд тэднийг бүсэлсэн тул хааны шадар тайган Ян Гуйфэйг хөнөөх тушаал буулгахыг гуйв. Сюаньзун хаан хайртаа хөнөөхийг хүсээгүй ч эцэстээ эрхгүй зөвшөөрсөн ба тайган Ян Гуйфэйг боомилон хороожээ. Тайган хатны амьгүй биеийг цэргүүдэд үзүүлэхэд тэд сая нэг тарж явцгаасан гэдэг. Энэ цаг үеэс Тан улсын төр хүчирхэг байдлаа алдаж эхэлсэн гэж түүхчиж үздэг ажээ.
809 онд найрагч Бай Зюй И эзэн хаан, түүний хайртай татварын тухай "Мөнхийн гуниг" хэмээх шүлэг бичсэн нь нилээд алдаршсан байдаг.
No comments:
Post a Comment