Tuesday, February 16, 2016

Төрийн ураг барилдах ёс буюу алтан аргамж-6

Их хааны охид төр улсаа бататгахын төлөөнөө харийн овог, аймагт хатан болон одож байсныг та бид мэдэх билээ. Улс төрийн шинж чанартай энэ ураг барилдах ёс Юань гүрний мөхөл хүртэл оршиж байсан ба Чингис хааны охидын ураг холбосон овог аймгийнхан үе дамжин алтан урагтантай гэрлэж байсан байна.


Монгол гүнж нар ба Солонгос



Юань гүрний үед Солонгосын вангууд улс орноо өөрсдөө удирдаж, хууль цаазыг мөрдүүлэх боловч Юань улсад байнга алба татвар төлж, түшмэг улс хэлбэртэй байлаа. Анх 1275 онд Хубилай хааны охин Хутуг бэхи Чуннёр вантай гэрлэжээ. 

Хутуг бэхи үзэсгэлэнтэй эмэгтэй байсан ч дэлхийн дайдыг эрхшээсэн агуу том орны гүнж байсан тул ердийн Солонгос эмэгтэйтэй адил хүлцэнгүй бус бардам, ихэмсэг,  зантай байлаа. Хутуг бэхийг хүү төрүүлсний дараа голын ордонд найр хийх үеэр Монгол гүнжийг Солонгос эхнэрийнхээ доор суулгажээ. Хутуг бэхи үүнд уурлан “Чи намайг дорд үзэж байна уу. Чунхуагийн/Солонгос бага хатан/ тушаалаар ингэв үү. Би эндээс явж хүүгийнхээ тайван байх газар руу явлаа” гээд найрыг зогсоон гарахад гүнжийг олон шивэгчид нь гуйж арайхийн үлдээжээ. Бас гүнж хиймэл нууранд алтан гоёлоо унагаах үед ван инээн шоолж, чи өөрөө орж ав гээд яваад өгч байв. Нэг удаа ван, хатан хоёр сүмд мөргөөд буцах үед Чуннёр гүнжийг орхиод явсан байсанд их уурлаж ванг олны өмнө зодож байв. Энэ мэтээр эхнэр, нөхрийн харьцаа таарамжгүй байжээ. Гүнж нөхрийнхөө хамт Юань улсын нийслэлд байн байн очих бөгөөд очих бүрд нь Хубилай хаан найр хийдэг байлаа. Гүнжийн хүүд хунтайжийн хатан Хөхөжин Ижирбуга нэр өгсөн байна. Гүнжийг гурван хүү төрүүлсний дараа Чуннёр ван Хятад эмчийн тусламжтай гүнжийг дахин хүүхэд төрүүлэхгүй болгох эм уулгажээ. Хутуг бэхи гүнжийг1297 онд нас барахад Чуннёрийг хорлосон гэж сэжиглэн шалгасан боловч цагаатган буцаан ван сууринд нь суулгав.

Хутуг бэхи гүнжээс төрсөн Чунсонд Хубилайн ач хүү Гамалын охин Ботапшилийг хатан болгон өгөв. Чунсон Монгол ээжтэй хэдий ч Ботапшилинийг огт тоодоггүй, Солонгос эхнэрүүдтэйгээ байнга хамт байдаг байлаа. Ботапшилинийг удалгүй нас барахад хааны удмын Есүжин гэх охиныг өгсөн ба тэр Чунсугийг төрүүлжээ. Чунсоны байдал таалагдаагүй болохоор Аюурбарвад хаан түүнийг Шандуд дуудан ирүүлсний дараа удалгүй нас барсан байна.

 Эсэнтөмрийн охин Ренчинбалыг 1316 онд Чунсуг вантай гэрүүлсэн боловч гурван жилийн дараа сэжигтэй нас барсан тул Юань улсаас шинжээч ирүүлэн шалгахад шивэгчин нь гүнж ванг хардсан учир ван гүнжийн хамраас цус гартал цохьсон гэж мэдүүлэв. Үүний улмаас Горёд төрийн байдал хэцүү болсон учир арайхийн цагаатгав. Үүний дараа Монгол гүнж нарыг таван жилийн турш явуулалгүй завсарласны эцэст Жинтуныг хатан болгон явуулав. Жинтун нэг хүү төрүүлсэн боловч хүү нь нэг ч нас хүрэлгүй нас баржээ. 

Дараагийн ван Чунхетэй өөр нэг Ренчинбал гэх охиныг гэрлүүлэв. Энэ хоёрын харьцаа өмнөх вангуудтай адил тааруу байлаа. Чунхе ван хүүхэмсэг, харгис догшин зантай хүн байлаа.Ренчинбал удалгүй нас баржээ. 

Харин Гонмин ван Монгол гүнжийг жинхэнээсээ хайрласан Солонгос ван байж магадгүй юм. 1349 онд Гонмин хаан Юань улсын Ботапшил гүнжтэй гэрлэжээ. Тэд удаан хугацаанд хүүхэдтэй болоогүй учир гүнж Гонминыг татвар эхнэр авахыг шаардаж байв. 1365 онд гүнж төрөхийн хүндрэлээс болж нас барахад Гонмин гурван өдөр, шөнө ордондоо оролгүй, ордныхныг гашуудлыг хувцас өмсөхийг тушаав. Гүнжийг маш хүндэтгэлтэй оршуулж сүрлэг бунхан бариулаад өөрөө байнга түүн дээр ирдэг байлаа. Ногук хатан гэж алдаршсан гүнжийг нас барснаар Монгол-Солонгосын худын харилцаа дуусгавар болжээ.

No comments:

Post a Comment