Бөөгийн чадлын талаар өвөг эцгийн хүүрнэсэн яриаг толилуулах гэсэн юм хүлээн авна уу.1900 аад оны үйл явдал юм гэсэн. Би нутгийн өвгөдийн ярьсан доорхи яриаг гайхан биширч сонссон билээ.
Манай нутгийн Аюуш бөө, баруун хойш нутагладаг залгаа зүгийн бөө 2 хүч чадлаа үзэж хэн нь илүү чадалтай болохыг үзэхээр ярьж тохиролцоод хүнгүй зэлүүд уулын өвөр, модны захад өдөр товлон тулалдах гэнэ гэсэн яриа тархаж нутгийн хэдэн өвгөд яахыг харахаар очжээ. Манай өвөг эцэг тэр үед 10 гаруй насны хүү байсан бөгөөд өвгөдийг даган очсон байжээ. . Хоёр бөө мэдээж өөрийн биеэр тулалдахгүй гэртээ бөөлөх бөгөөд тэднийг төлөөлөн онгод нь амьтны дүрээр ирж тулалдах тул ажиглагчид модон дотор биеэ далдлан суугаад юу болохыг хүлээцгээжээ. Нилээд хүлээсний дараа нэгэн том гэгчийн буга модны цаанаас гарч ирээд эргэн тойрноо харж хэсэг зогссоны дараа уулын энгэрийн тэгш газарт баруун зүг рүү хараад хэвтчихэв гэнэ. Гэтэл нэг их удалгүй зүүн зүгээс том хүрэн бух гарч ирээд хэсэг урамдаж зогссоны дараа бугын хэвтсэн газар руу явж зүүн зүгт хараад хэвтлээ.
Өвгөд хоорондоо бух онгодтой нь манай нутгийн бөө Аюуш юм шүү дээ, яадаг бол гэлцэн аяархан ярилцана. Хоёр бөөгийн онгод хэсэг хугацаанд хөдлөлгүй хэвтэж байгаад зэрэг босч урамдаж зогссоны дараа хоёул эврээ газарт хурцалж юу юугүй мөргөлдөж эхэллээ. Хэсэг хугацаанд хэн нь ч дийлдэхгүй тэнцүү тулалдаж байсан ч бугын ухрах хооронд бух нь эврээ сугалан аваад бугынхаа улаан суга руу хүчтэй дүрж мөргөхөд буга дийлдэж доголон зугтааж бух нь дийлснээ илтгэн хэд газар малтаж газрын хөрс эргүүлж байснаа урамдаад зүүн зүг рүү явж одов. Буга ч цусаа гоожуулан доголсоор баруун хойшоо явж далд оров. Өвгөд ч нутгийнх нь бөө ялсанд сэтгэл тэнгэр харьцгаажээ. Маргааш нь сураг ажиг тавихад Аюуш бөө нь эрүүл саруул нөгөөдөх нь өвчтэй хэвтэж байна гэж сонсогдсон ба хэд хоноод нөгөө бөө нь нас барсан гэнэ лээ.
Аюуш бөө их чадалтай бярууны арьс битүү өвчөөд дотор нь өвс чихээд бөөлөхөд нь ойрхон хугацаанд тэр нь босч хэд алхдаг байсан гэдэг.
No comments:
Post a Comment