Их хааны охид төр улсаа бататгахын төлөөнөө харийн овог, аймагт хатан болон одож байсныг та бид мэдэх билээ. Улс төрийн шинж чанартай энэ ураг барилдах ёс Юань гүрний мөхөл хүртэл оршиж байсан ба Чингис хааны охидын ураг холбосон овог аймгийнхан үе дамжин алтан урагтантай гэрлэж байсан байна.
Хожин бэхи ба Ихирис
Рашид-Ад-Диний тэмдэглэснээр Ихирис бол Хонгирадын дөрвөн дэд овгийн нэг бөгөөд Алтан ургийнхантай давхар ураг барилдаж байсан овгуудын нэг билээ. Энэ ургийн ёс Чингис хааны дүү Тэмүлэн Ботутай гэрлэснээр эхэлсэн. Ботугийн эцэг Нэгүүн Тайчуудын Таргудайг дагаж байсан ч Боту Чингис хааныг дагахаар шийдсэн байна. Юань улсын сударт тэмдэглэснээр Боту мэргэн харваач, моринд гарамгай хүн байв. Чингис хааны Аргун гол руу явуулсан элчийг төөрөөд явж байхад Боту түүнтэй тааралдан гэртээ урьж эцсэн морийг нь сэлбэж шинэ морь өгөөд, Тэмүүжинийг дэмждэг гэдгээ хэлжээ. Тэмүүжин үүнийг сонсоод Ботуг Тэмүлэнтэй гэрлүүлэхээр болов. Боту сүйн бэлгэнд гучин морь өгөх гэсэн боловч дүүгээ ямар ч эд баялгаар арилжих ёсгүй гэдгийг дурдаад, баруун гар болж явахыг хүсэв. Тэмүлэн Ботутай гэрлээд удаагүй нас барахад Чингис хаан ууган охин Хожин бэхийг Ботутай гэрлүүлэв.
Боту Суорха гэх нэг хүүтэй бөгөөд тэр нь Өгэдэй хааны ач охин Анту гүнж, Бухайхан нартай гэрлэжээ. Суорха өмнөд Сүн улсын эсрэг Жиажуд цэрэг удирдан тулалдаад ялаад эргэж ирэх замдаа өвчнөөр нас барав.(1240 өөд он) Суохагийн хүү Жавэрчин Өгэдэй хааны эринд Гүюгийн цэрэгт орон Солонгост байлдаж гавьяа байгуулсан тул Өгэдэй хаан түүнд Анчиндай вангийн охин Есөнжинийг өгсөн байна. Мөнх хааны их хатан Хутугтай Ботугийн ойрын төрөл ажээ.
Жав-Эрчиний том хүү Ерөтэй Өгэдэйн удмын Хадаан гүнжтэй гэрлэсэн бөгөөд Хубилай хааны цэрэгт орон Наяны бослогыг даралцаж байсан. Бага хүү Хулан Мөнх хааны охин Баялун гүнжтэй гэрлэж Хубилайн үеийн Хайду, Наяны бослогын эсрэг тэмцэн томоохон гавъяа байгуулж байсан тул өмнөд Сүнг гүйцээж эзэлсний дараа Хуланг Гуанжоу мужийн захирагчаар томилон Чан ван гэж шагнажээ. Баялун гүнжийг нас барсны дараа Мөнх хааны ач охин Буланшитай дахин гэрлэсэн байна. Хулангийн хүү Аши Төмөр хааны үед Хайсангийн удирлаган дор Хайдутай байлдаж байлаа. Аши энэ тулаанд Цагадайн удмын Дува ханыг шархдуулан, дагалдагчдыг зугтаалгасан тул Төмөр хаанаас төрийн хувцас авч, Төмөр хааны охин Ириха гүнжтэй гэрлэхээр шагнагдав.
Ириха гүнж Сугабала, Ренбинбал гэх хоёр охин төрүүлсэн ба Сугабала Шадвал гэгээний, Ренбинбал Есөнтөмрийн их хатан болсон ажээ. Хайсанг хаан болоход Аши Их жанжин болж Чан вангийн хэргэм, алтан тамгаар шагналаа. Хулангийн үеэл Хубилай хааны Улаажин гүнжтэй, Хулангийн дүү хубилайн ач охин Намулунтай гэрлэсэн. Намулунгаас төрсөн охин Хайсантай гэрлэж Есөнтөмрийг төрүүлсэн юм.
No comments:
Post a Comment