Их хааны охид төр улсаа бататгахын төлөөнөө харийн овог, аймагт хатан болон одож байсныг та бид мэдэх билээ. Улс төрийн шинж чанартай энэ ураг барилдах ёс Юань гүрний мөхөл хүртэл оршиж байсан ба Чингис хааны охидын ураг холбосон овог аймгийнхан үе дамжин алтан урагтантай гэрлэж байсан байна.
Алалтун бэхи ба Уйгур
Чингис хаан мөн өөрийн охин Алалтун бэхиг Уйгарын Идүүд ханд өгөхдөө дахин билиг сургаалаа айлдсан байдаг. 1207 онд Уйгарын Идүүд хан Чингис хаанд дагаар орохоор ирэхдээ: « Чингис хаан соёрхвол, алтан бүсийг чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүч өгье.» гэж өчиж элч илгээжээ. Тэр үгийг сонсоод Чингис хаан таалж, хариу хэлж соёрхсон нь: «Охиноо өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт мөнгө, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртүгэй» гэж илгээвэл: Идүүд соёрхогдов гэж баясаж, алт, мөнгө, сувд, тана, торго хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан, Идүүдийг соёрхож, Алагтун бэхи охиноо өгөөд сургасан нь:
«Хатагтай хүнд гурван эр бий
Анхны эр нь алтан төр
Түүний дараах эр нь ариун нэр
Түүний дараах эр нь авсан эр мөн билээ.
Алтан төрийг хатуужин дагавал
Ариун нэр бэлэн болно
Ариун нэрийг бэхэлбэл
Авсан эр ангид үл одно»/
«Хатагтай хүнд гурван эр бий
Анхны эр нь алтан төр
Түүний дараах эр нь ариун нэр
Түүний дараах эр нь авсан эр мөн билээ.
Алтан төрийг хатуужин дагавал
Ариун нэр бэлэн болно
Ариун нэрийг бэхэлбэл
Авсан эр ангид үл одно»/
Алалтун бэхийн нөхөр Барчух хан 1235 онд нас барж, түүнийг ууган хүү Хусмайн залгамжлав. Алалтун бэхи түүнтэй гэрлэсэн ба Дөргөнэ хатны үед цаазаар авхуулжээ.
Ингээд Хусмайнтай гэрлүүлэхээр Алажин бэхийг илгээв. Хусмайн 1246 онд нас барахад түүнийг дүү Салуныг Дөргөнэ хатан томилов. Салун Өгэдэй хааны хүргэн болохоор тэдний талд байсан ба Огуль Хаймиш хатны зарлигаар их хэмжээний цэрэг гарган тусалж байлаа. Өгэдэй, Тулуйн угсааны хооронд болсон улс төрийн тэмцэлд Уйгарын язгууртнууд татагдан оролцжээ. Эцэст нь Тулуйн угсааныхан ялан Мөнх их хаан болов. Энэ үед Салун албат иргэдээ хүчээр Буддын шашинд оруулах гэж байна гэх цуу Уйгаруудын дунд тарснаар түүний дүү Огрунз Мөнх хааны тусламжтайгаар түүнийг түлхэн унагаад ахыгаа, дагагсадынх нь хамт цаазаар авсан байна. Мөнх хаан Уйгур хүмүүсийг Алалтун бэхийг цаазлахад хүргэсэн, Огуль Хаймишд тус хүргэж байсан гэж дургүй байжээ.
Огрунзийг түүний хүү Мамурак залгамжлан авсан боловч жилийн дараа 1266 онд өмнөд Сүн улсад дайнд нас барав. Мамуракийг хүү Хожгор залган Идүүд цолыг өвлөн авчээ.Тэр Гүюг хааны охин Бабахаертэй гэрлэсэн байна. Хожгорын үед Хайду, Цагадай, Зүчийн угсааныхан Хубилайн эсрэг эвсэл байгуулахад Хожгор ч үүнд татагдан оров.1272-1275 онд Хайдугийн цэрэг Хубилайтай Уйгурын нутагт тулаан хийж, ардууд их ядарч байв. Хубилайн цэргийн удирдагч уйгурын хамгийн том хот Хархотыг бүслээд бууж өгөхийг шаардахад хотын хоол хүнс дуусаж байсан учир бууж өглөө. Бууж өгсөн тул Юань улсын ордныхон түүнийг шагнаж урамшуулжээ. Хожгор Монгол алтан ургийнхны тэмцлийн дундах тулаанд нас барав. Түүнийг нас барахад том хүү Нолэнийг Хубилай ордондоо аваачин цэрэг, тулааны урлагт сургаж, өгэдэйн ач охин Булугантай гэрлүүлсэн боловч Булухан удалгүй нас барахад дүү Бабугаг дахин Нолэнд өгчээ. Нолэн Хубилайн үед цэргийн захирагч, улс төрийн зүтгэлтэн байж Түвдийн бослогыг дарахад оролцон удаа дараа шагнагдаж байв.
Хайсан хаан 1308 онд Нолэнд Идүүд хан цолыг буцаан өгөөд, алтан тамгыг нь бариулан уйгур руу явуулжээ. Аюурбарвад хаан1324 онд түүнийг Гаочан ван хэмээн өргөмжилж, Бабугаг нас барахад Хубилайн ач хүү Анши вангийн охин Улаажиныг түүнд хатан болгон өгөв. Төмөр хааны эринд Уйгур Цагадайн улсын эзэмшилд ороод байсан ч Нолэн буцаан авсан ч удалгүй буцааж алдав. Нолэнийг нас барахад түүний ууган хүү Төмөрбуга Өгэдэйн удмын Доржишимантай гэрлэн Хайсан, Аюурбарвад нарын ээж Даги хатны хамгаалалтын дарга болсон ажээ. Төмөрбуга 1330 онд нас барснар уйгур, Монголын ураг барилдах ёс тасрав.
No comments:
Post a Comment